НҮБ-ын Хүүхдийн сан Налайх дүүргийн ЗДТГ-тай хамтран “Хүүхдэд ээлтэй орон нутаг” стратегийг Налайх дүүрэгт 2012 оноос эхлэн амжилттай хэрэгжүүлж өнөөдөр хаалтын тайлангийн хурлаа НҮБ-ын төв байранд хийж байна.
Хаалтын тайлан хэлэлцүүлэгт Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Алекс Хайкенс, Налайх дүүргийн Хүүхдийн элч, дүүргийн Засаг даргын орлогч Х.Анхбаяр, Хүүхдийн элч Б.Тэлмүүн, Хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын төлөөлөл, сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нар оролцож байна.
Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар нээлтийн үйл ажиллагаанд хэлсэн үгэндээ: “Бидний гэрэлт ирээдүй болсон хүүхдийн сайн сайхны төлөө төлөө хамтран ажилласан НҮБ-ын Хүүхдийн сангийн хамт олонд болон хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн бүх хүмүүст талархлаа илэрхийлье. Дүүргийн урт болон дунд, богино хугацааны бүхий л хөтөлбөрт хүүхэд хамгаалал, хөгжил, хүүхдийн эрүүл мэнд, боловсрол чиглэлээрх асуудлыг тусган хэрэгжүүлж байна” гэв.
Тэрбээр талархлаа илэрхийлж суурин төлөөлөгч Алекс Хайкенст дүүргийнхээ шүтээн хайрхан болсон Майхан уулын зургийг дурсгаж, ажлын амжилт хүсэн ерөөлөө. Тус хөтөлбөр өнгөрсөн хугацаанд Налайх дүүрэгт маш амжилттай хэрэгжиж, хүүхдэд ээлтэй засаглалын хүрээнд эрхзүйн орчин бүрдүүлэх, хөрөнгө оруулалт хийх, хүүхэд хамгааллын бодлого боловсруулж, хүүхдийн оролцоог бүх түвшинд нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч ажилласан. Нэн ялангуяа шийдвэр гаргах түвшинд хүүхдийн оролцоог нэмэгдүүлж, хүүхдийн санал санаачилгыг сонсож ажилдаа тусган хэрэгжүүлдэг болсон нь сайн туршлага, үр дүн болсон, мөн ус ариун цэврийн байгууламжтай гэр бүлгийг анхлан тохижуулж улс орон даяар сайн туршлага болгосон гэдгийг НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Алекс Хайкенс онцлон хэллээ.
Өнөөдрийн тайлан хэлэлцүүлэгт “Хүүхдэд ээлтэй засаглал”-ын үр дүн, тогтвортой байдал, “Хүүхдэд ээлтэй эрүүл мэнд”-ийн үйлчилгээний үр дүн, “Хүүхдэд ээлтэй боловсрол”, “Хүүхэд хамгаалал, оролцоо”-ны үр дүн зэрэг хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж байна гэж налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.