Америкийн кино урлаг болон рекламны салбарт Монголын залуус хүч сорих болсон. Тэдний нэг бол Баяраагийн Сосорбарам юм. Түүнийг “Өглөөний зочин” ярилцлагын буландаа урилаа.
-Сайн байна уу. Сайхан хаваржиж байна уу. Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-Баярлалаа. Та бүхэн ч бас сайхан хаваржиж байна уу. Өглөө.мн сайтын уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Баяраагийн Сосорбарам гэдэг. Улаанбаатар хотын 120 мянгатын хүүхэд. Гэгээрэл ахлах сургуульд сурч байхдаа Америкт ахлах сургуулийн сурагч солилцооны программаар Пенсильвани мужийн Шарлеруа хотын ахлах сургуульд шилжин суралцаж төгссөн.
Үүний дараа Америк улсад дээд боловсрол эзэмших хүсэл зорилготойгоор College of Alameda сургуульд хувцас дизайн болон борлуулалтын мэргэжлээр (Associate Degree) буюу туслах мэргэжлийг эзэмшиж төгссөн. Дараа нь Сан Францискогийн их сургуульд Олон Улсын Бизнесийн удирдлагаар суралцсан. Одоо Америкийн нэгдсэн улсын Лос Анжелес хотноо жүжигчний мэргэжлээр ажиллаж, амьдарч байна.
-Бизнесийн удирдлагаар мэргэшсэн хүн яагаад урлагийн салбартай холбогдов. Таныг Холливудын кинонд дүр бүтээсэн тухай Монголчууд тэр бүр мэдэхгүй байх. Энэ тухайгаа ярихгүй юу?
-Одоохондоо Холливудын том кинонуудад дүр бүтээгээгүй байна. Гэхдээ цаашдаа бүтээнэ гэсэн зорилготой, хүсэл мөрөөдлөөр дүүрэн байгаа. Голцуу эндхийн оюутны кино, богино хэмжээний кинонд туслах болон гол дүрүүд бүтээсэн. Мэргэжлийн жүжигчин биш л дээ. Гэхдээ Калифорни мужийн Сан Хосе хотноо байрлах Жон Касаблакийн жүжиглэлт болон карьерын агентлагт суралцаж жүжиглэх арга барилыг сурч байсан. Тэр үед гэхдээ яг тууштай жүжигчин больё гэж бодоогүй. Зүгээр л сургуулийнхаа хажуугаар оролдож үзсэн юм.
Хүүхэд байхдаа жүжигчин болохыг хүсч мөрөөддөг байсан. Гэхдээ ичимхий, бүрэг хүүхэд байсан болохоор хүсэл мөрөөдлөө тэр бүр ил гаргаж чаддаггүй л байлаа. Харин АНУ-д ирээд хүсэл мөрөөдлийнхөө араас зоригтой явж эхэлсэн. Найз охин маань кино урлагийн хүн л дээ. Лос Анжелес хотод найруулагчийн мэргэжлээр суралцаж төгсөөд удаагүй байсан юм. Тэгээд өөрийн хийсэн дууныхаа клипэнд намайг тоглуулсан юм. Энэ үеэс л би гэдэг хүн урлагтай холбогдсон гэх үү дээ. Одоо өөрийгөө үргэлж хөгжүүлж, олон орны жүжигчидтэй мөр зэрэгцэн хөдөлмөрлөж явна. Намайг Лос Анжелес хотод ирэхэд Канад улсын иргэн Тодд Карролл гэж хүн багшилж, мэддэг зүйлсээ зааж өгсөн. Кинонд туслах дүр бүтээгээд энэ салбартаа 27 жил ажилласан туршлагатай нэгэн юм. Энэ мундаг хүнээс суралцаад л явж байна.
-Жүжигчнээр ажилаад хэчнээн уран бүтээлд дүр бүтээв?
-Богино хэмжээний кино, ТВ шоу, оюутны кино, театр гээд бүгд нийлээд 15 болж байна. Харин реклам гэвэл 20 гаруй юм бий. Дөнгөж жүжиглэж эхлээд хоёр жил болж байгаа болохоор суралцах, хичээх зүйлс их байна. Маш том зам урд минь байгаа гэдэгт итгэж байгаа. Бүтээсэн дүрүүдээсээ урамшиж, урам зориг аваад улам их хичээж чармайж байна.
-Одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байгаа вэ?
– Одоо телевизийн олон ангит киноны Pilot буюу туршилтын эхний анги дээр ажиллаж байна. Туслах дүр бүтээж байгаа. Туршилтын гэдэг маань тодорхой нэг продакшний бага бүрэлдэхүүн олон ангит киноны санаа гаргаад тэрийхээ эхний ангийг хийж үзээд телевизүүд болон Netflix, Hulu, Amazon зэрэг газруудад танилцуулж зарах туршилтын анги юм. Хэрэв туршилтын анги ямар нэгэн компани болон телевизэд таалагдвал хөрөнгө оруулалт орж кино цувралаар хийгдэж эхэлнэ гэсэн үг юм. Саяхан надад хэд хэдэн реклам болон богино хэмжээний киноны саналууд орж ирсэн. Ажил ундрах нь дээ гээд баярлаж хүлээн авсан.
-Тодорхой түвшинд кино уран бүтээлд дүр бүтээж, хамтран ажиллаад үзчихлээ. Монголын кино уран бүтээлийг үздэг үү. Хэр санагддаг вэ?
-Зав л гарахгүй байна. Түүнээс үзэлгүй яах вэ. Сүүлд “Зүрхний хилэн”, “Ээж”, “Содура” зэрэг кинонуудыг үзсэн. Маш их таалагдагсан. Монголын кино урлагийн салбар маш эрчимтэй хөгжиж байгаа харагдсан. Би өөрөө нээх их юм хийгээгүй байж шүүмжлэх нь юу юм. Зүгээр л үзэгчийн зүгээс харахад зарим киноны зохиол таалагдаагүй. Мөн жүжиглэлт хэтэрхий их, театрын жүжиглэлттэй кинонууд хэд хэд харагдсан. Түүнээс бол хийгдэж буй зураг авалт, ажилласан байдал зэрэг нь дажгүй шүү. Гэхдээ л дээр үеийн Монгол кинонуудыг гүйцэх кино харагдахгүй л байгаа юм даа. Зохиол, жүжигчний дүрдээ орж буй байдал гээд л үнэхээр сайн киног дээр үед хийдэг байжээ.
-Монголын кино уран бүтээлчдээс хамтран ажиллах санал тавьж байсан уу?
-Санал ирээгүй л байна. Би чинь залуу жүжигчин болохоор одоохондоо тоож санал ирэхгүй байх. /Инээв/ Гэхдээ ирээдүйд Монгол кинонд тоглоод дүр бүтээх юмсан гэж хүсэл бий.
-Монголдоо ирж ажиллах төлөвлөгөө бий юу?
-Мэдээж би Монгол хүн учраас Монголдоо ажиллахыг бодолгүй яахав. Яг одоохондоо бол арай болоогүй байна. Өөрийгөө бас хөгжүүлэх хэрэгтэй байна. Байнга зүрхэндээ тээж явдаг зүйл минь бол, энд сурсан мэдсэнээ Монголдоо очоод бусаддаа түгээх. Монголынхоо жүжигчдэд Холливудад хүрэх хаалга, гүүрийг нь тавьж өгөх зориг эрмэлзлэл дүүрэн байдаг. Түүнчлэн Монголынхоо урлагийн сургуулиудад Холлувудын жүжиглэлт болон бусад арга барилыг зааж өгөх, Монголынхоо кино урлагийг Холливудад таниулах зорилт тээж явна.
-Манай уншигчдад ирээдүйн зорилго, мөрөөдлөөсөө хуваалцана уу?
-Холын ирээдүйн зорилт минь Монголынхоо кино урлагийг хөгжүүлж, Монголдоо сурсан мэдсэнээ хуваалцах, Монгол Улсаа Холливудад таниулах. Харин ойрын зорилго бол Холлувудын ямар нэгэн том кино, ТВ шоунд дүр бүтээх. Хамгийн анхныхаа бүрэн хэмжээний уран сайхны кинонд гол дүр бүтээх, гол дүр биш юмаа гэхэд туслах дүр бүтээх зорилготой байна. Харин бүр даварсан зорилгоо хэлчих үү /инээв/ Оскар авах энэ бол угаасаа жүжигчин хүн бүрийн хамгийн том мөрөөдөл гэдэгт итгэлтэй байна.
-Гадны улс оронд жүжигчин, урлагийн салбарын хүн бүр өөрийн хамтран ажилладаг агентлаг, менежертэй байдаг. Таны хувьд ямар агентлагтай хамтран ажилладаг вэ?
-Би AC Talent агентлагт хамааралтай, зар сурталчилгаатай хамааралтай ихэнх ажлуудыг төлөөлдөг. AC Talent агентлаг маань Лос Анжелес хотын агентлагуудын дундаа гайгүйд тооцогддог шүү. Би энэ агентлагт ажиллаж байгаа даа өөрийгөө азтай боддог. Менежерийн хувьд гэвэл Салли Хината гэх Япон эмэгтэй Energy Talent Management компанийг төлөөлж миний менежерээр ажилладаг. Тэрээр давхар миний жүжигчний ажлуудыг хариуцаж ажиллаж байгаа.
-Гадаадын уран бүтээлчидтэй ажиллахад хэр байдаг вэ?
– Лос Анжелес хот өөрөө киноны төв цэг зүрх гэж хэлж болно шүү. Маш олон орны хүмүүс дэлхийн өнцөг булан бүрээс энд жүжигчин болох гэж ирсэн байдаг. Тэгээд зураг авалт болгон дээр шинээр хүмүүстэй танилцаад маш сайхан санагддаг. Бүгд л найрсаг, дотно, бие биендээ аль болох тус нэмэр болохыг эрмэлздэг. Энд жүжигчин хийнэ гэдэг ямар хэцүү болохыг бүгд мэддэг учраас бие биендээ их туслахыг хичээдэг байх. Мэдээж хоорондын өрсөлдөөн байлгүй яах вэ. Гэхдээ энэ цэвэрхэн өрсөлдөөн юм.
-Америк улсад жүжигчний мэргэжлээр суралцахыг хүсч буй залуустаа юу гэж зөвлөмөөр байна вэ?
-Энд боломж байна. Хүсэл мөрөөдлөөсөө бүү ай. Одооноос, өнөөдрөөс эхлээд гараагаа эхэл. Битгий хүлээ, англи хэлээ сайн суралц, ном унш. Өнөөдөр чиний юу хийж байгаа чинь ямар хүн болох вэ гэдгийн чинь тодорхойлох учраас одооноос эхэл. Би саяхан фэйсфүүк дээрээ эмээ болон ээжийнхээ хэлсэн зүйлээс дурдсан юм. Тэрийгээ бас ахиад хэлье. “Залуу насанд завтай байна гэдэг эмгэнэл” гэж эмээ минь, ээж минь хэлдэгсэн. Залуу байгаа дээрээ хиймээр байгаа, хүсэж тэмүүлж байгаа зүйл рүүгээ хамаг хүчээрээ зүтгэвэл, хүрч чадсан ч бай чадаагүй ч бай, сэтгэлдээ харамсал тээлгүйгээр энэ хорвоог орхих бус уу. Яагаад гэвэл чи үзээд, амтлаад, оролдоод, барилцаад үзсэн учраас, одоо л хийхгүй бол хэзээ хийх юм бэ? Хэзээ бэлэн болж, хэзээ эхлүүлэх юм бэ? Хийж эхлэхгүй л бол хэзээ ч бэлэн болохгүй биздээ гэж хэлмээр байна.
Г.Нараа