Олон эхнэртэй байх ёсыг мөрдөөгүй Тайландын ханхүү

Орос бүсгүй Катя Десницкая 17 настай байхдаа Санкт-Петербург хотын сургуульд сурдаг байсан бөгөөд гадаадад амьдрахыг мөрөөддөг байв. Харин 1905 онд олон нийтийн үйл ажиллагаанд оролцож байгаад нэгэн залуутай танилцсан нь Тайландын хаан Сиамын хүү, ханхүү Чакрабон байжээ. Ханхүү  Катяд сэтгэл алдран гэрлэх санал тавьснаар тэд Тайландыг зорьсон байна. Ингээд өнчин Орос бүсгүй Тайландын гүнж болсон юм.

Ханхүү Чакрабон, гүнж Катя нар

Өмнө нь 1897 оны зун хаан Сиам Европт аялж байх үеэрээ Орос руу явахаар шийдсэн байдаг. Хаан Николас II түүнийг халуун дулаанаар угтан авч, хүү нарынхаа нэгийг Орост сургуульд сургахыг урьжээ. Тайландын хаан уг саналыг уриалгахан хүлээн авч хүү Чакрабоныг өндөр угсаа гаралтай залуу эрчүүдийн явдаг сургуульд нь өгсөн. Үүний дараа ханхүү  Чакрабон Оросын эзэнт улсын Генералын Академид элсэн орж, төгсөхдөө Оросын армийн хурандаа цол авч чадсан юм.

 Чакрабон багш болон найзын хамт

Катягийн эцэг эх нь түүнийг жаахан байхад нас барсны дараа эрэгтэй дүүгийн хамт Киевээс Санк-Петербург руу нүүжээ. Тухайн үед Орос Японы дайн өрнөж байсан учир Катя сургуулиа төгсөөд сувилагч болсон. Тухайн үед залуу бүсгүй ханхүүтэй хувь заяагаар учирсан учралаа ч умартан бэртсэн цэргүүдэд туслахаар шийдэн дорныг зорьсон. Харин ханхүү түүнээс буцаж ирэхийг хүссэн захидал байнга явуулдаг байсан аж.

Бэртсэн хүмүүст тусалсан гавьяагаараа Гэгээн Жоржийн загалмай зэрэг гурван шагналтай Санкт-Петербургт буцаж ирэхэд нь ханхүү түүнд гэрлэх санал тавьсан. Тэд өөр шашин шүтлэгтэй хүмүүс нэг гэр бүл болохыг зөвшөөрдөг Константинополед гэрлэсэн байна. Ийнхүү тэд Тайландыг зорьсон юм.

Ханхүү Чакрабоны гэр бүл

Гэвч ханхүүгийн гэр бүл түүнийг эртний уламжлалаа мөрдөж, нутаг нэгт, өндөр язгууртай бүсгүйтэй гэрлээгүйд дургүйцэж, Чакрабон угсаа залгамжлагчийн эгнээнээс буун, цэргийн сургуулийн захирал болж, өөрийн хөдөлмөрөөр амьдралаа залгуулж эхэлжээ. Гэсэн ч шинэхэн хосын бие биенээ гэсэн хайр сэтгэл их байв. Түүгээр ч барахгүй ханхүү олон эхнэртэй байх ёсыг мөрдөөгүй анхны ханхүү болжээ.

Ханхүү Чакрабоны Бангкок дахь ордон

Энгийн даруу, эелдэг зантай Катя цаг хугацааны явцад өөрийгөө хааны угсааны бэр гэдгээ хүлээн зөвшөөрүүлж чадсан байна. 1908 онд тэд хүүтэй болж, ханхүү Чакрабон Тайландын цэргийн армийн удирдагчаар томилогдов. Цаашлаад тэрээр улсынхаа агаарын хүчийг үүсгэн байгуулсан юм. Катя гүнж На Пицанулок нэртэй болж тайланд, франц, герман, англи хэлээр ярьж сурчээ.

Гэвч тэдний аз жаргалтай амьдрал тийм ч удаан үргэлжилсэнгүй. Ханхүү Чакрабон 1920 онд насан эцэслэсэн. Үүнээс жилийн өмнө ханхүү гүнжийг хуурсны учир тэд салсан байжээ. Катя нутаг буцахаас өөр аргагүй болсон. Тэдний хүү Тайландад үлдсэн бөгөөд Орост болсон хувьсгал, иргэний дайнаас болж бүсгүй Францыг зорьсон аж. Тэнд 1960 онд өөд болох хүртлээ амьдарчээ. Одоо ханхүү болон Катягийн үр удам Тайландад амьдарцгаадаг.

 


Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …