Авто замын салбарын өмнө тулгамдсан асуудал, түүнийг шийдвэрлэх гарц, гаргалгааг тодорхойлж шийдвэр гаргагчдад зөвлөмж хүргүүлэх бүхий Зам, тээврийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр “Авто замын чанар-үр ашиг” сэдвийн дор болж байна.Зөвлөгөөнийг нээж, Зам тээвэр хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ үг хэллээ.
Тэрбээр “Авто замын салбарын удирдах ажилтны зөвлөгөөнийг 2012 оноос хойш буюу зургаан жилийн дараа зохион байгуулж байна. Энэхүү зөвлөгөөнөөр салбарын өмнө тулгамдаж буй асуудал, авто замыг төлөвлөхөөс ашиглах хүртэлх бүх үе шатны ажлын хариуцлагыг дээшлүүлэх, чанарыг сайжруулах асуудалд онцгой анхаарч хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байна.
Монгол Улсын авто замын сүлжээг хөгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг үр дүнтэй хэрэгжүүлж, хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, аюулгүй, тав тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлсэн, ашиглалтын бэлэн байдлыг хангасан авто замаар үйлчлэх үүргээ биелүүлэхийн тулд авто зам, замын байгууламжийн барилга, засварын ажлын чанарт онцгой анхаарч ажиллах асуудал зүй ёсоор тавигдаж байна. Иймд төрөөс авто замын салбарыг тогтвортой хөгжүүлэх бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх, хууль, эрхзүйн орчин болон норм нормативын баримт бичгийг боловсронгуй болгох, төлөвлөлтийг оновчтой хийх, авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын батлагдсан норм, нормативын дагуу санхүүжүүлэх зэрэг асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна.Мөн авто замын салбарт оруулж байгаа хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх, гэрээний хариуцлага болон хяналтыг сайжруулах, замын барилга, засварын ажлыг стандартын дагуу, технологийг баримтлан хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэхэд онцгой анхаарах хэрэгтэй байна” гэв.