Их Британийн нэрт одон оронч, онолын физикч, профессор Стивен Уильям Хокинг 76 насандаа таалал төгсжээ. 1979 оноос 2009 оны 10 сарын 1 хүртэл 30 жилийн турш Кембрижийн их сургуулийн Лукасын нэрэмжит математикийн профессор байсан тэрээр мөн Кембрижийн Гонвилл ба Каиус коллежийн Нөхөр, Онтарио мужийн Уотерлүү дахь Периметрийн Онолын физикийн институтийн Судалгааны Онцгой Тэргүүлэгч байсан юм.
Хокинг космологи ба квант татах хүчний чиглэлүүдэд, үүнд ялангуяа хар нүхний талаар судалгаа ололтоороо олны дунд танигдсан. Өөрийн боловсруулсан онолууд болоод космологийг ерөнхийд нь хэлэлцсэн нийтийн шинжлэх ухааны бүтээлүүдээрээ мөн амжилт олсон. Үүнд, Британийн Сандэй Таймсын бестселлерийн жагсаалтад рекорд эвдэн 237 долоо хоногийн турш байсан Цаг хугацааны товч түүх (A Brief History of Time) номоороо ихэд алдаршжээ.
Түүний түлхүүр шинжлэх ухааны бүтээлүүд нь Рожер Пенрөүзтэй хамт хийсэн харьцангуйн ерөнхий онолын тогтолцоо доторх татах хүчний сингуляр байдлын талаарх теоремүүд, мөн өнөө үед Хокингийн цацраглал (эсвэл Бекенстайн-Хокингийн цацраглал) хэмээн нэрлэгдэх болсон хар нүх цацраг ялгаруулдаг гэж таамагласан онол юм.
Хокингийн хамгийн дуртай туршилт бол Хар нүх байлаа. Хар нүхний талаар өнөөдөр бидний мэдэж байгаа ихэнх зүйлийг Хокинг тайлбарласан байдаг. Бүх мэдээллийг устгахгүйгээр хадгалж чаддаг Оршихуйн хязгаар (Event Horizon), гэрэлтсэн хар нүх, “Үсгүй хар нүх” теорем гээд олон онолыг дэвшүүлсэн билээ.
Эрдэмтэн мэдрэл-булчингийн дистрофи өвчтэй байсан бөгөөд тус өвчин нь жил бүр муудсаар түүнийг бараг бүрэн мэдээгүй болгосон.
Тэрээр Британийн Урлагийн Нийгэмлэгийн Хүндэт Гишүүн, Папын Шинжлэх Ухааны Академийн Насан туршийн гишүүн, 2009 онд АНУ-ын Иргэдийн хамгийн дээд шагнал болох Ерөнхийлөгчийн Эрх Чөлөөний Медалийг хүртсэн.
Стивен Хокинг шинжлэх ухааны салбарт холбогдолгүй, энгийн хүмүүст зориулж Ертөнцийн бүтцийг ойлгомжтой байдлаар тайлбарлах гэж хичээсэн анхны эрдэмтдийн нэг. “A Brief History of Time” ном нь 30 жилийн дотор дэлхий даяар 10 сая гаруй хувь зарагдаж, асар өндөр борлуулалттай бүтээл болсон. “A Brief History of Time” ном гарсны дараа Стивен Хокинг шинжлэх ухааныг бүр ч илүү ойлгомжтой байдлаар тайлбарлахын тулд “A Briefer History of Time”, “The Universe in a Nutshell” гэх хоёр ч ном нэмж бичсэн. Бүр 2007 онд Стивен Хокингийн охин Люси хүүхдүүдэд зориулсан уран зөгнөлт, адал явдалт ном гаргахыг аавдаа зөвлөж, эцэст нь түүнийг ятгаж чадсан юм.
Люсигийн хичээл зүтгэлийн үр дүнд “George’s Secret Key to the Universe” нэртэй ном хэвлэгдэн гарсан аж. Зохиолын гол баатар Хар нүхийг судлахын зэрэгцээ ухаалаг гахайн торойнуудтай ярилцаж, Ангараг гараг дээрх роботын илгээсэн зургуудыг хардаг. Энэ номоор дамжуулж Стивен Хокинг физик ба сансар судлалын шинжлэх ухааныг хүүхдүүдэд хамгийн сонирхолтой бөгөөд ойлгомжтой байдлаар заасан байна.
Өнөөдөр орчлон ертөнц Их тэсрэлтийн үр дүнд үүссэн гэдэг онолыг үгүйсгэдэггүй эрдэмтэн бараг байхгүй болжээ. 1960-аад оны үед Стивен Хокинг Их тэсрэлтийн онолын талаар нээлттэй яриад зогсохгүй Сингуляр цэгийн тусламжтай Орчлон ертөнц тогтмол тэлж байдаг гэдгийг онцолдог байсан. Тэрбээр математикч Рожер Пенроузын тэгшитгэл дээр суурилан Сингуляр цэгээс орчлон ертөнц үүссэн гэдгийг баталсан байдаг. Их тэсрэлт болохоос өмнө орчлон ертөнц алганд багтах боломжтой байсан гэх онолыг эрдэмтдийн нийгэмлэг егөөдсөн байдлаар хүлээн авдаг байсан ч, Хокинг үүнийг баталж чадсан юм.
Түүний амьдралаас сэдэвлэсэн “The Theory of Everything” (2014) киноны гол дүрийн жүжигчин Эдди Редмэйн бүтээсэн дүрээрээ Оскарын Шилдэг эрэгтэй жүжигчний шагналыг хүрсэн. Киноны зураг авалтын бэлтгэлийн явцад Редмэйн Хокингтой уулзаж, заавар, зөвлөгөө авч байв. Хокинг сансар огторгуйд хэзээнээс татагддаг, хүн төрөлхтөн өөр гаригийг эзлэхгүй бол мөхөлд хүрнэ гэдэгт итгэдэг байсны хувьд харь гариг, бусад гариг дээрх амьдрал, амьд биетийг сонирхдог байв. Тэрээр дэлхийн дулаарал, аварга том солир, эсвэл шинэ төрлийн вирус хүн төрөлхтнийг устгана гэж таамагладаг байсан. Бас Оросын бүтээгч Юрий Милнерийн хамт харь гаригийн амьдралын талаар ул мөр олох төсөл дээр ч ажиллаж байв.
Стивен Хокинг нэгэн удаа “Нас бие гүйцсэн цагаас хойшхи бүхий л амьдралаа би өвчтэй өнгөрүүлсэн. Тэглээ гээд тэр өвчин намайг сайхан гэр бүлтэй болгож, ажилдаа амжилт гаргахыг минь зогсоож чадаагүй” хэмээж байлаа. “Хүн хэзээ ч итгэл найдвараа алдах ёсгүй гэдгийг амьдрал надад харуулсан” хэмээсэн.