Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрт олон жил бугшсан хээл хахууль, үр ашиггүй техник, технологи шахдаг хууль бус наймаа, өр төлбөрийг хазаарлан зогсоохоор Засгийн газраас үүрэг авч томилогдон очсон Ц.Даваацэрэн захирал эхний хоёр сарынхаа ажлыг зөвхөн тайлан тооцоотой танилцаж, санхүүгийн хяналт шалгалт хийхэд зарцуулжээ.
“Эрдэнэт” үйлдвэрт тэртэй тэргүй яаралтай шийдвэл зохих олон бэрхшээл хүндрэл байгаагийн зэрэгцээ хэдхэн хүний санаатай үйлдээд байгаа зохиомол бэрхшээл, саад ч олон байгаа ажээ.
Эдгээрээс хамгийн уршигтай нь Д.Алтанхуяг захиралтай “Зэс эрдэнийн хувь” компани болоод байгаа. Энэ удаа “Зэс эрдэнийн хувь” компани, түүний захирал Д.Алтанхуягийн талаар цугларсан материалыг нэгтгэн хүргэж байна.
Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн захиргааны урд талбайд үе үе олон нийтийг хамарсан жагсаал болж, эмх замбараагүй байдал үүсэх болсоор гурван жил өнгөрч байна.
Эхэндээ Эрдэнэт хотод чимээгүйхэн болоод замхардаг байсан энэ жагсаал сүүлийн үед хүрээгээ тэлж Улаанбаатар хот, бүр тодруулвал Засгийн газрын ордны баруун хойд хаалгыг таглан үргэлжилдэг болсоор хэдэн сарын нүүр үзэв. Энэхүү жагсаалыг “Зэс эрдэнийн хувь” компанийнхан зохион байгуулдаг. Тэд үйлдвэрийн 35 жилийн хөдөлмөр, нэмүү өртөг шингэсэн өмч болох уулын овоолгыг эзэмших зөвшөөрөл, гарын үсэг авах зорилготой. Сүүлийн үеийн жагсаалд нь 100-гаад хүн байнга хамрагдаж байгаа бөгөөд тэтгэврийн насныхан, эмэгтэйчүүд, ихэвчлэн ажилгүй залуусаас бүрэлдэх болжээ. Гурван жил “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагыг сандаргасан “Зэс эрдэнийн хувь”-ынхан санасандаа хүрч энэ сарын 3-нд Орхон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, “Эрдэнэт” үйлдвэр ХХК, “Зэс эрдэнийн хувь” ХХК гурван талт хэлэлцээрт гарын үсэг зураад байгаа. Гурван жил Эрдэнэтчүүдийг талцуулан жагсаал цуглаан гардан зохион байгуулагч “Зэс эрдэнийн хувь” компанийн гүйцэтгэх захирал Д.Алтанхуяг санасандаа хүрч исэлдсэн зэсийн хүдрийн овоолгыг түшиглэн цоо шинэ үйлдвэр байгуулах гэнэ.
Ингэхэд Д.Алтанхуяг гэж хэн бэ. Тэрбээр өмнө нь сумо тайлбарлагчаар теле¬визэд ажилладаг байсан. Улаанбаатар хотын уугуул нэгэн. Эрхзүйч мэргэжилтэй. Телевизэд өгсөн ярилцлагаас нь үзэхэд нэг өдөр найзтайгаа суун мөнгө яаж олох тухай ярилцаж байгаад “Эрдэнэт” үйлдвэрийн овоолгыг ашиглаж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэр байгуулах, үйлдвэрээ барихдаа иргэдээс мөнгө босгох талаар бодсон гэнэ. Ингэхдээ эрдэнэтчүүдэд “Эрдэнэт” үйлдвэрийн овоолгыг хог хаягдал мэтээр ойлгуулжээ. Энэ нь түүнийг уул уурхайн талаар ямар ч ойлголтгүй нэгэн болохыг харуулж байгаа юм. Ийм хүн УИХ-ын хэмжээнд олон жил яригдаад ч байгуулж чадахгүй байгаа эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэсийн үйлдвэрийг зөвхөн Орхон аймгийн 30 мянган хүнээс мөнгө босгож байгуулна хэмээн ярьж яваа нь үнэхээр үлгэр шиг л сонсогдоод байгаа юм. “Зэс эрдэнийн хувь” ХХК-ийг Д.Алтанхуяг Орхон аймагт байгуулж, тус аймгийн 30 гаруй мянган иргэн тус бүрээс хувьцааны үнэ болох 1000 төгрөгийг цуглуулсан байна. Товчхондоо, иргэдээс 30 сая төгрөг цуглуулчихсан аж. Нийтдээ 150-аад сая төгрөгийг өөрийнх нь хэлдгээр иргэдээс “босгоод” байгаа сурагтай. Энэ мөнгөөрөө орон нутгийн болон төвийн телевиз, сонины эфир зайг худалдан авч, өдөр бүр иргэдийн тархийг угаах сурталчилгаагаа хийсээр иржээ. Жагсаалаа зохион байгуулахдаа тус компанийн хувьцаа эзэмшигч гэх 1000 төгрөгөө өгсөн иргэдийг утсаар дуудаж “Хувьцаагаа ирж ав. Жагсаалд оролцоорой” хэмээн нэгдэхийг уриалдаг байна. Хэдийгээр “Зэс эрдэнийн хувь” ХХК гэх боловч иргэдээс хувьцааны үнэ гэж мөнгө хураасан нь анхаарал татмаар. Уг нь хувьцааны үнэ гэж мөнгө хураасан болохоор “Зэс эрдэнийн хувь” компани нь хувьцаат компани баймаар. “Зэс эрдэнийн хувь” ХХК нь улсын бүртгэлийн гэрчилгээнийхээ дагуу зөвхөн гадаад худалдаа эрхлэх зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж аж. Мөн уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулах, боловсруулах тусгай зөвшөөрөл аваагүй юм байна. Зэсийн исэлдсэн хүдрийг овоолон уусгах үйлдвэрийн төсөлд аж ахуйн нэгжийн ажиллах эрх зүйн хэлбэрийг хязгаарлагдмал хувьцаат компани гэж нэрлэсэн нь ойлгомжгүй. Компанийн тухай хуулиар ийм хэлбэртэй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрдөггүй. Мөн иргэдийн тархийг угааж, үндэслэлгүйгээр 30 сая төгрөгтэй болчихоод байхад нь орон нутгийн хууль хяналтын байгууллага шалгахгүй байсан нь хачирхалтай. Орхон аймгийн Засаг дарга Г.Зоригт иргэдийг төөрөгдөлд оруулж, мөнгө цуглуулсан Д.Алтанхуягийг шалгах талаар хууль хяналтын байгууллагуудад үүрэг өгсөн ч биелэгдээгүй гэж дуулдсан. “Зэс эрдэнийн хувь” компани нь иргэдийн итгэлийг олж авахын тулд аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга, “Эрдэнэт” үйлдвэрийн зарим инженер, удирдах ажилтнуудыг компанийнхаа Төлөөлөн удирдах зөвлөлийн тэргүүлэгч гишүүн гэж тодорхойлон ном хүртэл гаргасан байсан. Тэргүүлэгч гишүүн гээд байгаа хариуцлагатай албан тушаалтнууд нь энэ тухайгаа сонсоогүй, мэдэхгүй, тэргүүлэгч гишүүн биш гэдгээ орон нутгийн хэвлэлээр мэдэгдэж, ярилцлага өгсөн байсан. “Зэс эрдэнийн хувь” компанийн гүйцэтгэх захирал Д.Алтанхуяг нь “Миний ард Японы мэргэжлийн сумогийнхон байгаа. Япончууд хөрөнгө оруулна” гэж ярьдаг. Цэвэгнямтай ах дүүсийн хүүхдүүд, Ама Бямбадорж гээд нэр бүхий сумочидтой дотно найзалж, нөхөрлөдөг талаар баттай эх сурвалжууд мэдээлж байжээ.
“Зэс эрдэнийн хувь” компанийн гүйцэтгэх захирал Д.Алтанхуяг нь “Овоолго ашиглах зөвшөөрөл өгөхгүй бол “Эрдэнэт” үйлдвэрийн үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагаанд саад болно” гэж мэдэгдсээр байгаад санасандаа хүрч байна. Улс орны хөгжлийг нуруун дээрээ үүрч, өдөрт дөрвөн сая орчим ам.долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэж, улсын төсөвт жинтэй хувь нэмэр оруулдаг, тасралтгүй ажиллагаатай Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн хэвийн үйл ажиллагаанд саад учруулах гэж байсан энэ зохисгүй үйлдэл нь Монголын ард түмний, үндэсний эрх ашгийг зөрчсөн гэж ойлгож болно. “Эрдэнэт” үйлдвэр өнгөрсөн онд улсын болон орон нутгийн төсөвт 610 тэрбум 420 сая төгрөг төвлөрүүлжээ. Улсын төсөвт 569 тэрбум төгрөгийг аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болгон төвлөрүүлсэн аж. Орхон аймгийн орон нутгийн төсөвт л гэхэд газрын төлбөр, ус ашигласны төлбөр, үл хөдлөх хөрөнгийн албан татвар, гадаадын мэргэжилтнүүдийн ажлын байрны төлбөр болох 16 тэрбум 340 сая төгрөгийг өнгөрсөн онд оруулсан байна. Улсын болон орон нутгийн төсөвт төвлөрүүлж байгаа 610 тэрбум 420 сая төгрөг бол “Эрдэнэт” үйлдвэрээс Монголын ард түмнээ тэжээж байгаа “Зэс эрдэнийн хувь” юм. Монгол, Оросын хамтарсан зөвлөлийн хурлын дараахан Оросын талын өмчлөгч “Ростехнологи” корпорацийн ерөнхий захирлын зөвлөх Халанов Валерий Иннокентьевич Оросын талын байр суурийг илэрхийлж байж. Тэрбээр “Хэдэн зуун сая ам.долларын өртөг шингэсэн өмч болох овоолго бол “Эрдэнэт” үйлдвэрийн ирээдүйн ашиг орлого юм. Тиймээс “Зэс эрдэнийн хувь” компанийн ярьж байгаа зүйлтэй огт санал нийлэхгүй. Бид Монголын талтай хамтраад өөрсдөө эцсийн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийг барьж байгуулна” гэж мэдэгдэж байжээ. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн зөвлөлийн Оросын хэсгийн “Ростехнологи” корпорацийн ерөнхий захирал С.В.Чемезовоос “Зэс эрдэнийн хувь” компанид хүргүүлсэн албан бичигт “Зэс эрдэнийн хувь” компанийн удирдлага санал болгож байгаа баримт бичигтээ тусгай инженерингийн үйлчилгээ явуулдаг судалгааны байгууллагаар экспертийн дүгнэлт гаргуулж, лабораторийн болон хагас үйлдвэрлэлийн туршилтыг гүйцэтгэж хөрөнгө оруулалтыг тодруулна уу гэж тусгаж байж. Гэтэл энэ талаар “Зэс эрдэнийн хувь” компани одоо хүртэл ямар нэгэн хариу ирүүлээгүй гэнэ. “Зэс эрдэнийн хувь” компанийн ашиглана гээд байгаа “Эрдэнэт” үйлдвэрийн энэ овоолгыг үүсгэх буюу хүдрийг олборлож тээвэрлэхэд гаргасан зардал нь 16.7 сая ам.доллар юм. “Эрдэнэт” үйлдвэрээс исэлдсэн хүдрийг худалдан авч байгаа гадны байгууллага нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 124 сая ам.доллар, овоолгыг үүсгэхэд гаргасан зардал болох 16.7 сая ам.долларыг төлөх шаардлагатай.
Мөн өнөөгийн зах зээлд нэг тонн зэсийн үнийг 7000 ам.доллар байх тохиолдолд овоолгын өөрийн төлбөр нь нийт дүн 124 сая ам.доллар, нийт 140.7 сая ам.долларыг “Зэс эрдэнийн хувь” компани хуулийн дагуу “Эрдэнэт” үйлдвэрт төлөх учиртай. Гэтэл энэ их мөнгө “Зэс эрдэнийн хувь”-ийханд байхгүй.
“Зэс эрдэнийн хувь” компанийн гүйцэтгэх захирал Д.Алтанхуяг “Ерөнхийлөгчийн сонгууль дөхөж байна. Миний ард Эрдэнэтийн 30 мянган хүн байна” хэмээн саяхан мэдэгджээ. Түүний энэ үйлдлийг сонгуулийн шоу, иргэдийг сонгуулийн сурталчилгааны золиос болгож байна гэж тайлбарлаж болохоор байна. “Зэс эрдэнийн хувь”-ынхны жагсаалын үеэр эмх замбараагүй байдал үүсгэж байсныг зөвтгөж болохгүй. 2008 оны долоодугаар сарын 1-ний үйл явдлаас их хэмжээний хохирол учирсан.
Гэтэл өнөөг хүртэл хариуцах эзэн гараагүй. Зөвхөн хувьцаа эзэмшигч иргэдээс цуглуусан мөнгөөр зэс боловсруулах үйлдвэр байгуулна гэсэн үлгэр ярьж яваа Д.Алтанхуяг захирлын ард хэн гээч томоохон эрх мэдэлтэн байгаа нь удахгүй тодрох биз ээ.
Эх сурвалж: