Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нийслэлийн Багануур, Налайх дүүргийн иргэдтэй уулзлаа.
Ингэснээр Төрийн тэргүүний нийслэлийн иргэдтэй хийх уулзалт өндөрлөж, орон нутгийн уулзалт маргааш Төв аймагт үргэлжлэх юм. Нийслэлийн долоон дүүрэг, 12 аймагт хийсэн уулзалтын статистикаас харвал аймаг, нийслэлийн уулзалтын үеэр 15 мянга гаруй иргэн Төрийн тэргүүний уулзалтад оролцож, 2500 гаруй иргэн санал хүсэлтээ биечлэн болон бичгээр илэрхийлсэн байна.
Эдгээр уулзалт санал хүсэлтийн дийлэнх нь тэтгэвэр, тэтгэмж, халамжийн асуудал байсан тул Ерөнхийлөгчийн Тамгын газар энэ асуудлаар Ажлын хэсэг байгуулж, тэтгэврийн тогтолцоог шинэчлэхээс гадна тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлаар санал боловсруулж, эрчимтэй ажиллаж байгаа гэж Төрийн тэргүүн Багануур, Налайх дүүргийн иргэдтэй уулзах уулзалтын үеэр хэлсэн юм.
ТУХАЙЛБАЛ, МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:
“Бидний уулзалтын эхний үр дүнгүүд гарч байгаа. УИХ, Засгийн газар зарим асуудлаа эргэж харж байгаа. Жишээ нь, Хүүхдийн мөнгийг 100 хувь олгох асуудал Засгийн газрын түвшинд яригдаж байна. Та бүхний илэрхийлж буй асуудлууд хэвлэл, мэдээллийн байгууллагаар дамжин та бүхний сонгосон хүмүүст хүрч байгаа. Ялангуяа, тэтгэвэр тэтгэмжтэй холбоотой асуудлууд сонгуулийн өмнө их яригдаж байсан, одоо ч миний уулзсан газар бүр ярьж байна.
Өнөөдөр нийт тэтгэвэр авч байгаа гурван хүн тутмын хоёр нь бүрэн тэтгэврийн доод хэмжээ болох 220 мянган төгрөг авдаг. Ахмадууд 300 мянган төгрөг хүрэхгүй тэтгэврээр амьдрахыг энэ нийгэм тулгаж байна. Гэхдээ бид ирэх дөрөвдүгээр сарын 5-нд буюу УИХ-ын Хаврын чуулганы нээлтээр тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгт хүргээч ээ, гэсэн саналыг УИХ-д өргөн барина. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд Үндэсний тэтгэврийн тогтолцооны чиглэлээр ажил хийж байна. Богино хугацаанд ахмадуудынхаа тэтгэврийг үлэмж хэмжээгээр буюу доод хэмжээг 500 мянган төгрөг болгох боломжийг судалж, УИХ-д санал оруулахаар эрчимтэй ажиллаж байгаа. Тийм учраас та бүхэн ч гэсэн УИХ-ын гишүүдээ тойрогтоо ирэхэд энэ асуудлыг дэмжээрэй гэж хэлээрэй” хэмээн хүсэв.