Үнэртний зурхай

Хонь
Элемэнт: Гал
Зан ааш: Та бол төрөлхийн удирдагч. Хөдөлгөөнтэй, мөн зоригтой. Та өөрийнхөө болон дотны хүмүүсийнхээ төлөө бат зогсож чаддаг. Бусдаас хэзээ ч дуусашгүй эрч хүчээрээ ялгардаг.
Таны үнэртэн: Та заримдаа өөрөө өөрийнхөө үгэнд ороогдож сэтгэлээр унадаг. Энэ үед л танд төрөлхийн гал цогийг тань эргүүлэн авчир, зориг оруулах хүчтэй үнэртэн хэрэгтэй. Танд мандарин, улаан сарнай, зандан модны найрлагатай, жавхаалаг, “дүрэлзсэн” үнэр тохирно. Улаавтар өнгийн шилтэй, галыг илэрхийлсэн дүр төрхтэй үнэртэнг сонгоод үзээрэй. Burberry-гийн “Brit Red”, Beyonce-гийн “Heat” зэрэг час хийсэн үнэртнүүд танд таалагдана.

Үхэр
Элемэнт: Газар
Зан ааш: Та авъяаслаг, өөрөө өөрийгөө үнэлдэг нэгэн. Таны гоо үзэсгэлэн, яруу алдрыг тодотгож өгөх ажил мэргэжил, эд зүйлсэд дуртай. Бусдыг дуурайхыг тэвчдэггүй, өөрөө өөрийнхөө хобби сонирхлыг бүтээдэг.
Таны үнэртэн: Таныг Сугар гариг удирддаг. Жинхэнэ эмэгтэй хүн гэдгийг тань мэдрүүлж чадах зөөлөн, мөртлөө урин тачаангуй үнэртэн танд тохирно. Жасмин, сарнай зэргийн найрлагатай романтик сүрчгийг сонгоорой. Viktor & Rolf-ын Flowerbomb, Estee Lauder-Beautiful, Nina Ricci-L’air du temps, Chanel-Cristalle, Dior-Miss Dior Cherie зэрэг сүрчигнүүдийг туршаад үзэгтүн.

Ихэр
Элемэнт: Агаар
Зан ааш: Та их яриасаг, бас нийтэч нэгэн. Танд төрөлхийн сээтэгнүүр, сэргэлэн зан, бүтээлч, өвөрмөц сэтгэлгээ байдаг. Та ярих дуртай ч, хажуугаар нь сайн сонсогч байж чадна.
Таны үнэртэн: Та янз бүрийн үнэртэн туршиж үзэхээс айдаггүй. Танд өөрийнхөө дотоод ертөнцийг илэрхийлэх үнэртэн хэрэгтэй. Гэхдээ бүх сүрчиг тань цаад мөн чанартаа дулаахан, урин, тэврээд авмаар мэдрэмжийг төрүүлдэг байх хэрэгтэй. Chanel-Cristalle, Avon-Haiku, мөн найрлагатаа vetiver, болон байгалийн гаралтай үнэр агуулсан үнэртэнг сонгоорой.

Мэлхий
Элемэнт: Ус
Зан ааш: Та бусдаас илүү эмзэг, мэдрэмтгийн нэгэн. Та гэр амьтай, итгэлтэй найзуудтайгаа хамт байх дуртай. Та мөнхийн дурсамжуудыг бүтээж, түүгээрээ тэжээгдэж амьдрахыг хүсдэг. Та бусдын найдаж болох хүн.
Таны үнэртэн: Таны сонгосон үнэртэн сэтгэл санааг чинь амрааж, тав тухыг мэдрүүлдэг байх ёстой. Яг л гэр шиг тогтвортой, дулаахан уур амьсгалыг түгээх учиртай. Жасмин, лили, магнолиа, зөгийн бал зэрэг найрлагатай ус тохирно. Estee Lauder-Sensous, Benneton-Be clean soft, Clinique-Happy heart spray зэргийг туршаад үз.

Арслан
Элемэнт: Гал
Зан ааш: Та нээлттэй, бүтээлч, бусдыг татах чадвартай, өөрийгөө илэрхийлэхийг юу юунаас илүүд үздэг нэгэн. Таны жинхэнэ авьяас урлагийн салбарт илэрнэ. Хайртай хүндээ үнэнч. Таны үнэртэн: Танд эргэн тойрны тань хүмүүсийг алмайруулж, дурлуулах тийм онцгой үнэртэн хэрэгтэй. Ваниллин, тоор, абрикот, сарнайн холимог үнэрүүд таныг илэрхийлж чадна. Carolina Herrera-Eau de parfum, Miss dior Cherie, YSL-Paris, Gucci-Guilty зэрэг уснуудыг туршаад үзээрэй.

Охин
Элемэнт: Газар
Зан ааш: Та эмзэг сэтгэлтэй боловч хянуур, нягт нямбай, юмыг шүүмжлэх зуршилтай. Та нарийн чимэглэл, жижиг оруулгуудад анхаарал хандуулдаг. Таны амьдрал төлөвлөгөөний дагуу явагддаг. Та өөрчлөлтөд тийм ч нээлттэй бус ба нэг юмандаа тууштай, үнэнч.
Таны үнэртэн: Танд хүн болгонд таалагддаг, классик үнэртнүүдийг сонгохдоо итгэл төгс байж чадна. Chanel-№5, Dior-Poison, Dior-J’adore, Jean Paul Gaultier-Classique, Chanel-Coco Mademoiselle, Bvlgari-Mon Jasmin Noir зэрэг үнэртнүүдээс туршаад үзэгтүн. Эдний эмэгтэйлэг мэдрэмж төрүүлэх үнэрнүүд охины ордныхонд таалагдана.

Жинлүүр
Элемэнт: Агаар
Зан ааш: Та их тайван, хүмүүжилтэй хүн. Хүмүүстэй хамт байх дуртай. Таньтай хамтран амьдрах, ажиллах нь хэн бүхэнл таатай мэдрэмж төрүүлдэг. Учир нь та багийн тоглолтондоо сайн ба бусдыг татах чадвартай.
Таны үнэртэн: Танд үл ялиг нялуундуу хирнээ хөгжилтэй, цоглог мэдрэмж төрүүлэх үнэртэн тохирно. Халуун ногоо (spice)-ны найрлага орсон, халуун орны цэцэгсийг шингээсэн үнэртнийг сонгоорой. Классикуудын нэг Guerlain-ы Shalimar, Estee Lauder-Youth Dew, Anna Sui-гийн уснуудыг туршаад үз.

Хилэнц
Элемэнт: Ус
Зан ааш: Та их нууцлагдмал, дур татам, гүн, сэтгэл хөдөлгөмөөр. Та ихэнхдээ тайван байдаг ч, өөрийнхөө хувьд чухал хүмүүс үйл явдлын төлөө үхэн хатан зүтгэж чаддаг. Хүсэл тэмүүлэл тань тэр үед л хамгийн тод илэрнэ.
Таны үнэртэн: Танд бага зэрэг аюултай, зоригтой, дүрэлзсэн үнэртэн хэрэгтэй. Lancome-Poeme, Versace-Crystal noir, Gucci-Guilty зэргээс туршиж үзээрэй.

Нум
Элемэнт: Гал
Зан ааш: Та өдөржин шинэлэг, сэргэг мэдрэмжтэй явах хэрэгтэй хүн. Учир нь та бол эргэн тойрныхондоо эрч хүч түгээгч шүү дээ. Оюунлагаас гадна, өөдрөг, хөгжилтэй, бага зэрэг эмх замбараагүй бүсгүй.
Таны үнэртэн: Та бол тэр чигтээ эрх чөлөөны бэлгэдэл. Тиймдээ ч ойн найрлагатай үнэртэй ус таны илэрхийлэл болж чадна. Гэхдээ бага зэрэг цэцэг, жимсний амтлаг, чихэрлэг үнэрийг ч бас хольсон байх хэрэгтэйг бүү мартаарай. Elie Saab-Le Parfum, Bvlgari-Jasmin noir, Estee Lauder-Sensous, Kenzoamour, Flower by Kenzo зэрэг сүрчигнүүд таны таалалд нийцнэ.

Матар
Элемэнт: Газар
Зан ааш: Та хариуцлагатай нэгэн. Зорилгодоо хүрэхийн тулд тууштай тэмцэж, амжилтаараа урамшдаг. Багаар болон хувиараа ажиллах чадвар сайтай.
Таны үнэртэн: Байгалийн, заар болон цэцэгсийн натураль, үндсэн үнэрүүд таныг татдаг. Зандан мод, vetiver, amber, bergamot-ын найрлагатай үнэртнүүдээс сонголтоо хийгээрэй. Chanel №5 танд яг тохирно.

Хумх
Элемэнт: Ус
Зан ааш: Та бие даасан амьдралаар амьдардаг. Бага зэрэг зөрүүд, өвөрмөц ааштай, мэдлэгтэй. Янз бүрийн зүйлийг туршин үзэж, өөртөө туршлага хуримтлуулах сонирхолтой.
Таны үнэртэн: Танд бүх төрлийн үнэр тохирдог. Бүр эрэгтэй хүний үнэртэй ус ч сайхан зохидог. Estee Lauder, Dior зэрэг үнэртний алдартай брэндүүдийн эрэгтэй уснаас туршиж үзэхэд илүүдэхгүй. Энэ нь таны тачаангуй төрхийг нээж мэднэ. Харин бусад үед та ойн, цэцэгсийн, жимсний, цитрустай, дорнын зэрэг бүх төрлийн үнэртнээс сонголтоо хийх боломжтой уян хатан орд юм.

Загас
Элемэнт: Ус
Зан ааш: Ичимхий, эмзэг, өөрөө өөртөө үргэлж үнэнч үлддэг эмэгтэй. Энхрийхэн, ялдам араншингаа тодотгосон хувцас, эдлэлийг сонгох сонирхолтой. Эргэн тойрондоо болж буй зүйлст нээлттэй ханддаг. Таны үнэртэн: Та өөрийнхөө зан араншинд нийцэхгүй үнэртнийг сонгох хэрэггүй. Elizabeth Arden-ы Mediterranean, Brit by Burberry, Princess by Vera Wang зэрэг үнэртнүүдээс сонгоод үзээрэй. Ерөнхийдөө тоор, болон amber-ны найрлагатай үнэртэн танд тохирно.

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …