“Ерөнхий сайдын 30 минут” уулзалт өнөөдөр болж, сэтгүүлчдийн асуусан асуултад хариулт өглөө.
-Таныг нэр бүхий гурван сэтгүүлчийг шүүхэд өгсөн гэх боллоо. Энэ үнэн үү?
-Би улстөрд ороод 23 жил явж байна. Сэтгүүлчийг шүүхэд өгсөн түүх байхгүй. “Тэргүүн” сониныг шүүхэд өгсөн удаа бий. Гэхдээ сэтгүүлчийг урдаа барьж захиалгатай юм бичүүлчихээд хариуцлагаа хүлээхгүй байгаа хүмүүс л буруутай. Тийм учраас сэтгүүлчийг шүүхэд өгсөн асуудал байхгүй, цаашдаа ч байхгүй гэж ойлгоорой.
-40-ээс дээш насныхныг аль ч салбарт насаар нь ялгаврлаад ажилд авахгүй байна. Үүнд Засгийн газар ямар бодлого зорилт тавьж, ажиллаж байна вэ?
-Засгийн газар Хөдөлмөрийн яамыг бие даан байгуулан ажиллах болсноор 40-өөс дээш насныхан ажилтай болж байгаа. Нэг жилийн хугацаанд 6600 иргэнээ хоёр сар танхимд суулгаад гурван сар компанид дадлага хийлгээд мэргэжилтэй ажилтан болгож зах зээлд нийлүүлсэн. Мэргэжилтэй ажилтнуудын дотор 40-ээс дээш насны маш олон хүн багтаж ажилтай болсон. Үнэхээр 40-ээс дээш насныхан ажил хийхийг зорьж байвал салбарын яаманд нь хандаад Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаж ажилтай болж болно. Хөдөлмөрийн зах зээлд мэргэжилтэй ажилтны хэрэгцээ маш их байна. Өчигдөр та бүхэн Чингисийн талбайд болсон өдөрлөгөөс зарим нэг зүйлийг харсан болов уу. Талхчин хийж байсан охин хоёр сар танхимд суугаад гурван сар компанид дадлага хийгээд экскаваторыг яаж мундаг ажиллуулж байна. Монголд өнөөдөр юм хийе ажил хийж чаддаг болъё гэж байгаа хүмүүсийг нас, хүйс харгалзахгүйгээр Засгийн газар дэмжинэ. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаж байгаа залууст суралцах хугацаанд нь сард 190 мянган төгрөг өгөөд сургаж байна.
-“Чингис бонд”-ын зарцуулалт ямар байгаа вэ?
-Нийт 1.5 тэрбум ам.долларын бонд гаргаснаас 700 орчим сая ам.доллар нь зарцуулагдсан. Үлдсэн 800 орчим сая ам.доллараас тодорхой зүйлд зарцуулахаар шийдвэр нь гарсан 500 орчим сая ам.доллар бий. Цаана нь 300 сая ам.доллар үлдэж байгааг үйлдвэрлэлийг дэмжих чиглэлд зарцуулахаар төлөвлөж байна.
-Ирэх аравдугаар сард та БНХАУ-д айлчлал хийнэ. Айлчлалаар ямар асуудлыг хэлэлцэх вэ?
-Хоёр орны харилцааг шинэ шатанд гаргах чиглэлээр, харилцан ашигтай байх эдийн засгийн засгийн харилцаа зэрэг олон асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэхийг зорьж байна. “Чалко” компанийнхантай өчигдөрхөн уулзлаа, энэ жил Монголын талын тус компанид төлөх өр дуусна, тэднийг зүгээс ирэх жилд ч мөн хамтаръя гэсэн. “Чинхуа” компанийнхантай уулзана. Айлчлал хийхээс өмнө тээврийн асуудлыг шийдэх талд ажиллахаар төлөвлөж байна. Агаарын тээвэр, төмөр замын асуудал гээд олон зүйлийг ярилцаж тохирох ёстой. Хятадын нутгаар манай тээвэрлэлт дайран өнгөрөхөд ямархуу үнэ тарифаар явуулах вэ гээд маш олон асуудлыг урьдчилж ярина. Урагшилчихвал айлчлалаар энэ бүхнийгээ хэлбэржүүлж гарын үсэг зурах ажил хийгдэнэ.
-2013 оны нэгдсэн төсөвт тодотгол хийх үү?
-Монгол Улсын 2013 оны нэгдсэн төсөвт тодотгол хийхээс аргагүй байгаа. Оюутолгойгоос өсөн нэмэгдэх роялтийн татвараар 450 тэрбум төгрөг авах ёстой, хийж чадахгүй байгаа гээд төсвийн орлого төвлөрүүлэлт бодитой асуудал үүсч байна. Мөн экспорт буурсан. Татварын орлого төлөвлөсөн хэмжээнд хүрч чадахгүй байгаа учраас хэмнэж болох зардлаа хэмнэе. Шаардлагагүй зардлаа хэмнэж, орж ирэхгүй байгаа орлогыг хэмнэсэн зардлаар хаах зэргээр ажиллах нөхцөл байдал үүсч байгаа.
-Жилийн найман хувийн хүүтэй орон сууцны зээлийг анх иргэдэд олгох болоход эх үүсвэрийг нь тасралтгүй үргэлжлүүлэхийн тулд Нийгмийн даатгалын санг мөнгөжүүлэх замаар шийдвэрлэнэ гэж байсан. Энэ ажил юу болж байгаа вэ?
-Найман хувийн зээл дээр ямар арга замаар тогтвортой санхүүжилт бий болгох вэ гэдгийг анх ярьсныхаа дагуу хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Нийгмийн даатгалын сан гэж залуучуудын төлчихөөд байгаа мөнгө бий, түүнийг орон сууцны санхүүжилтийн мөнгө болгож ашиглах бэлтгэл ажил эхлээд явж байна. Эх сурвалж http://www.info.mn
Х.МАНДАХ