Улсын Их Хурал 2010 оны 6 дугаар сарын 17-ны өдөр “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хууль”-ийг баталж энэ өдрөөс хойш 3 жилийн хугацаанд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгогдоогүй байна.
Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хориглосноор хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо буурч ашиглалтын тусгай зөвшөөрлийн тоо өссөн нь зарим талдаа сайн боловч зам, барилга, дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил эрчимжиж байгаа өнөө үед тэдгээр бүтээн байгуулалтад шаардлагатай элс, хайрга зэрэг түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын ажил зогсонги байдалд орсон нь сөрөг үр дагавартай байна.
Монгол Улсын Засгийн газраас өгсөн чиглэл мөн Төрөөс эрдэс баялагийн салбарт баримтлах бодлогын баримт бичигт “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль”-ийн төслийг боловсруулахаар тусгагдсан тул Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төсөл боловсрууллаа.
Энэхүү хуулийн төсөлд тусгаснаар түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг аймаг, нийслэлийн Засаг дарга хэрэгжүүлэх бөгөөд тухайн талбай нь бусад талбайтай давхцал бий эсэх талаар төрийн захиргааны байгууллагаас цахим хэлбэрээр мэдэгдэл авна.
Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгох эрхийг аймаг, орон нутгийн захиргаанд шилжүүлснээр тусгай зөвшөөрөл олгох эрх мэдлийн төвлөрөл саарах давуу талтай юм. Ашиглалтын тусгай зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд давуу эрхээр бусад ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгодог зарчмаар олгох юм. Мөн бусад ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгодгоос онцлог зүйл гэвэл улсын төсвийн хөрөнгөөр судалгаа явуулж тогтоосон эрдсийн хуримтлал бүхий талбай болон Ашигт малтмалын тухай хуульд сонгон шалгаруулалтын журмаар тусгай зөвшөөрөл олгох талбайд сонгон шалгаруулалтгүйгээр олгох боломжийг нээж өгсөн.
Ашигт малтмалын нөөц ашигласаны төлбөрийг түгээмэл тархацтай ашигт малтмалын төрөлд 2.5 хувь байхаар тогтоох ба тусгай зөвшөөрлийн төлбөрийн хэмжээг талбайн хэмжээтэй уялдуулан тогтоодог болох зэрэг түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул, ашиглалтын үйл ажиллагааг татварын бодлогоор дэмжсэн хуулийн төсөл болсон.
эх сурвалж: аравт.мн