Өнөөдөр аргын тооллын 2018 оны гуравдугаар сарын 27. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Хаврын дунд хөхөгчин туулай сарын 11. Ангараг гараг. Үнэг одтой, нэг цагаан мэнгэтэй, шар морь өдөр.
Өдрийн наран 6 цаг 43 минутад мандан, 19 цаг 11 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно хэмээжээ.