Нийслэлийн хэмжээнд энэ сарын 26-ны байдлаар, амбулаторийн 74.079 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 2921 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 3.9 хувийг эзэлж байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногийн дундаж төвшнөөс 0.1 хувь, өнгөрсөн оны мөн үеэс 0.4 хувиар тус тус их байна.
Нийт өвчлөгсдийн 35.9 хувийг 0-1 нас, 30.7 хувийг 2-4 нас, 19.0 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байгаа юм. Хүүхдийн түргэн тусламжийн 1155 дуудлага ирснээс 30.0 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авчээ.
Нийслэлийн эмнэлгүүдийн хувьд энэ сарын 27-ны байдлаар, 2134 орон дээр 2372 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд нийт орны ачаалал 11.2 хувь, хүүхдийн орны ачаалал 34.6 хувиар тус, тус нэмэгдсэн байна. Шинээр хэвтсэн өвчтөний 223 буюу 40.0 хувийг нь томуу, томуу төст өвчтэй өвчтөнүүд эзэлж байгаа аж.
Томуу, томуу төст өвчин буюу амьсгалын замын цочмог халдварын үед эцэг эхчүүд бага насны хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сайжруулж, илчлэг сайтай хоол ундаар дархлааг нь дэмжих, дулаан хувцаслах, олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, амны хаалт тогтмол зүүлгэж хэвших, өвчилсөн тохиолдолд дур мэдэн эмчлэхгүй байх, ариун цэврийн дэглэм сайтар сахиж, шаардлагатай тохиолдолд эмнэлгийн байгууллагад хандахыг Нийслэлийн эрүүл мэндийн газраас зөвлөж байна.