Ерөнхийлөгч Х.Баттулгын бага насны хүүхдийг хүчирхийлэх гэмт хэрэгт оноох ялыг чангатгаж, энэ төрлийн гэмт хэрэгт цаазаар авах ялыг эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганд өргөн барих гэж байгаатай холбогдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.
Ерөнхийлөгчийн Иргэний нийгэм, хүний эрхийн бодлого хариуцсан зөвлөх Г.Уянга “Монгол Улсын Ерөнхийлөгч 2017 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр ХЗДХ-ийн сайдад бага насны хүүхдийг хүчирхийлсэн хэрэгт цаазын ял оноох, хүчирхийлэгчид өөр бусад арга замаар гадаад орнуудад хэрэглэдэг хөнгөлөх зэрэг арга хэмжээг судалж аль нэгээр нь хууль боловсруулах үүрэг өгч УИХ-д оруулж хууль батлах нь зүйтэй гэсэн санал өгсөн боловч ХЗДХЯ-наас албан бичигт тодорхой хариу ирүүлээгүй байна.
Өнгөрсөн долоо хоногт Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсэг цаазын ялыг сэргээх боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан тухай хэвлэлээс олж мэдлээ. Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн бол олон улсын конвенцид нэгдэн орохгүй.Тиймээс цаазын ялыг сэргээх шаардлага үүсч байна.
Бага насны хүүхдийг хүчирхийлсэн хэрэгт цаазын ял оноох саналыг Ерөнхийлөгч гаргаж, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулж, өнөөдрөөс санал асуулга явуулж эхэлж байна. Эрүүгийн хуульд цаазаар авах ялыг бага насны хүүхдийг хүчиндсэн, амь насыг нь хөнөөсөн хэрэгт оноохоор төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулна.
Ерөнхийлөгч тодорхой гэмт хэргүүд дээр энэ ялыг хэрэглэх гэж байгаа. Бага насны хүүхдийг хүчирхийлнэ, амь насыг нь хорооно гэдэг тодорхой, тодруулж болдог хэрэг. Тийм учраас улс төрийн хэрэгтэнд хамаарахгүй. Ямар ч хэлмэгдэх боломжгүй нөхцөлөөр энэ ялыг оруулж байгаа юм” гэж мэдэгдлээ.
Ерөнхийлөгчийн зөвлөх, өмгөөлөгч Р.Булгамаа “Бага насны хүүхдийг хүчиндэх, амь насыг нь хороох гэмт хэрэг сүүлийн жилүүдэд нэмэгдэж, улам харгис хэрцгий болж байна. Хөл дээрээ зогсож чадахгүй, ээжийнхээ хөхнөөс гараагүй бяцхан үрсийг хүчиндэж, амь насыг нь хороох үйлдлийг бид хараад байж хэрхэвч болохгүй.
Хэдийгээр цаазаар авах ял хүмүүнлэг бус шинжтэй ч бид бяцхан үрсийнхээ амь нас, эрүүл мэнд, амьд явах эрхэд хүндэтгэлтэй хандах ёстой. Тиймээс хууль зүйн хариуцлагыг чангатгахын тулд энэ төслийг өргөн барихаар болж байна” гэв
Г. Нараа