Сайхан хүмүүс, гайхалтай нууруудын өлгий болсон Түвдийн талаар хүмүүс тэр бүр мэддэггүй. Үнэхээр гайхамшигтай газар дэлхий дээр цөөнгүй байдгийн нэг нь Түвд юм. Түвдээс урссан цэвэр усаар нэг тэрбум гаруй хүн ундаалдаг. Түвд орон олон зууны турш аялагчдын хувьд нууцлаг газар байсаар ирсэн бөгөөд Азийн хамгийн том гол мөрнүүд энэ нутгаас эхтэй. “Дэлхийн дээвэр”, “Цасны орон” гэгддэг Түвдийн ариун, дагшин нуурууд үнэхээрийн гайхамшигтай бөгөөд чухамхүү эндээс л та дэлхийн хамгийн цэнгэг усыг хүртэж чадна.
Түвд 1959 он хүртэл бие даасан улс байв. Харин түүнээс хойш Хятадын харьяанд байгаа бөгөөд одоо “Луугийн улс”-ын чухал муж болсон. Лхас хотод орших Патола ордон ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн санд бүртгэлтэй бөгөөд асар том энэ цогцолбор “Улаан уул”-ын орой дээр 637 жил оршин тогтнож байна. Уг ордонг өөрөөр “Урлагийн ордон” хэмээдэг. Түвдийн нийслэл Лхас хот тэр чигтээ сэтгэл ханамж бэлэглэгч газар. Лхас хотын Бархорын талбай дахь Жохан хийдэд түвдүүд сунаж мөргөдөг бөгөөд энэ хийдээс илүү Буддын шашны хийдийг та дэлхийн өөр хаанаас ч олохгүй. Хятадын Тан гүрэн, Энэтхэгийн Вихара нийлээд ч архитектурын хэв маягаараа жуулчдыг ингэж дуу алдуулж байгаагүй.
Түвдийн Намцо нуур /Диваажингийн нуур гэсэн утгатай/ манай гаригийн хамгийн биширмээр газруудын нэг бөгөөд диваажингийн газар буугаад ирсэн үү гэлтэй харагддаг. Хэрвээ диваажинд байдаг нуурыг амьдаар нь дэлхий дээрээс харья гэвэл Намцо л харуулж чадна. Домогт өгүүлснээр Намцо нь Индра бурхны охин юм байна. Сонирхуулахад, Намцо Хятадын хоёр дахь том давст нуур юм. Түвдийн шарын шашны дөрвөн том хийдийн нэг нь Ташилхунпо бөгөөд 1447 онд баригджээ. Хийдэд 26.2 метр өндөр Майдар бурхан байдаг ба түүний өмнө олон зуун лам сууж ном уншдаг. Шар тостой цай түвдүүдийн хамгийн дуртай ундаа. Хүмүүний амьдралаас олон юм хүсч, атаархал, шуналаас ангид амьдардаг тэд аяга шар тостой цайг “бүх дэлхий” гэж үздэг.
Энд шовх оройт цавчим уулс, тэдгээр уулсын оройг дамнуулан тавьсан өндөр хүчдлийн шонгууд, өргөн гол мөрөн, зааглаж хэмжсэн тариалангийн талбай, хар замаар давхилдах хөнгөн тэрэг, уулны нугачаа бүр дэх жижиг суурингууд… ийм л дүр зураг нүдэнд харагдана. Лхас ихээ том хот юм. Сүрхий барилгажсан. Одоо ч барилгажилт үргэлжилж байгаа. Төр захиргаа, орон сууц, сургууль цэцэрлэг, оюутны хотхон, үзвэр үйлчилгээний гээд барилга нь түвдийн үндэсний сууцны хэв шинжийг агуулжээ. Худалдаа арилжааны газрууд нь хятадын хотууд шиг гудамж тал руу харсан байх. Лхаст “Шангри-Ла” сүлжээ зочид буудалд бий. “Шангри-Ла” гэдэг нь “Ариун газар” гэсэн түвд үгнээс гаралтай гэнэ. Лхас гэдгийг ч мөн “Ариун газар” хэмээн хөрвүүлдэг юм билээ.
Түвдчүүд голчлон уулын чулуугаар барьсан хоёр давхар сууцанд амьдарна. Сууцаа тойрсон чулуу эсвэл малын хөрзөн бүхий хашаатай. Хашааных нь хаалга ч, гэрийнх нь ч хаалга эрээлж хээлсэн байх. Тэд дээхэндээ байшингийнхаа нэг давхарт малаа хашдаг байсан бол одоо малаа хашаан дахь сараандаа хаших болжээ. Ингэснээр нэгдүгээр давхраа сууцны зориулалтаар ашиглах болсон байна. Зарим айл зочны өрөө болгосон байх бол нөгөө нь үр тариа, илүү дутуугаа хураадаг агуулах, бүр нэг хэсэг нь жуулчин хүлээж авдаг хүлээлгийн өрөө болгосон байв. Түвд айлын зочны өрөө гал тогоотойгоо цугтаа. Мөн айл бүрт алтан өрөө гэж бий. Энэ нь манайхны хувьд номын өргөө. Цаашлаад хүүхдийн, унтлагын, ариун цэврийн гэсээр байшин дунджаар 5-6 өрөөнөөс бүрдэнэ. Дундаж ам.м нь 120 орчим. Өрөө тасалгааны хувьд хангалттай зайтай. Тэгсэн хэрнээ шат нь бүтэн алхам дүүрч гишгэхээргүй. Зайгаа хэмнэж шатаа ингэж барьдаг гэх. Дасаагүй болоод тэр үү ер нь өгсөх уруудахад эвгүй.
Түвд эмэгтэйчүүд нэг их будаг шунх хэрэглэдэггүй улс. Нар салхинд онгож бараантсанаас дийлэнх олонх нь наснаасаа овортой харагдах нь бий. Түвдчүүдийг бид түвд гэсэн нэг ойлголт дор малгайлдаг. Дотор нь орж үзэхэд олон төрлийн үндэстэн ястан, бараг тосгон болгон өөрийн хэлний аялгатай ч байх шиг. Шарын шашныг голчлон шүтдэг бол зарим нэг ястан нь чөтгөр шулам тахьдаг газар байх аж. Түвдчүүд ерөнхийдөө дундаж нуруутай, мах мяраа багатай, өлчир чийрэг хүмүүс юм. Гэтэл канба үндэстэн гэж энэхүү нийтлэг төрхийн хаанаас нь ургаж мэндэлсэн улс вэ гэмээр хүмүүс бий. Бараг хоёр метр гаруйн өндөртэй, бужгар үстэй, түүнийгээ мөрөөрөө давуулан задгай тавьсан байх ба нүүрийг нь харахад догшин төрхтэй. Нөгөө харах нь ээ эртний баатар шиг. Хүдэр боргил энэ эрчүүдийн генийг авахаар гадны жуулчин эмэгтэйчүүд аялах нэрээр ирдэг гэсэн яриа чих дэлсдэг.
Түвдэд агаар сийргийн дээр цаг уурын хувьд их тогтворгүй. Өглөө сэрүүн, өдөр халуун, шөнөдөө жиндүү. Халуун байна даа гэж байтал ганц цагийн дотор даармаар болоод явчихна. Лхас уг нь хагас хуурай бүсэд нутагт оршдог, зун нь хэт халуун биш, өвөл нь хэт хүйтэн биш нарлаг хотод тооцогддог. Тиймээс зарим ярианы хэлэнд “Нарны хот” ч гэдэг аж. Гоёл чимэглэлийн тухайд, алт мөнгө, эрдэнийн чулуу оролцуулсан нүсэр эд зүүцгээнэ. Ээмэг гэхэд чих сэтрэм. Тиймээс дээш өргөсөн уяатай. Эмэгтэй бүс гэхэд цэвэр мөнгөн дээр алтан товруу шигтгэсэн, товрууны голдоо том том эрдэнийн чулуу суулгасан байх аж. Удаан зүүвэл хүнддэж, энд тэндээс нухмаар.
Түвдүүд монгол хүнд их элэгтэй юм. “Бид соёл уламжлал, шашин шүтлэгээрээ нэг улс” хэмээн элгэмсэгээр өгүүлэх. Түвдчүүдийн яриа хэлийг ойлгоход бэрх. Гэхдээ тэд их мэдрэг. Дохио зангаагаар үзүүлэхэд амархан тусгаж авна. Гадныхантай ойлголцох дуртай. Энэ нь цөөнх үндэстэнд бусадтай ойлголцох, өөрийгөө ойлгуулах гэсэн эрмэлзэл нэвт шингэсэн байдагтай холбоотой ч байж мэдэх. Магадгүй гадныхны нүдэнд монголчууд бид ч ингэж харагддаг байж болох.
Тэд их эелдэг, зочломтгой, ил цагаан инээдтэй, хошин шогийн мэдрэмжтэйн дээр дууч хуурч хүмүүс юм. Захын нэгэн л дуулна. Яг монголчууд шиг. Бүжихдээ олуул тойрог хэлбэрээр бүжнэ. Гарын савалгаа, хөлийн товшилт ихтэй. Шашин соёл дэлгэрсэн ийм нэгэн газрын уулс дүнхийж, номын дуу цуурайтсаар…