“Номын цагаан хишиг-2018” хөтөлбөр болж байна

Өнөөдөр “Сайн хөрш-53” СӨХ, “”Ирээдүйн хишиг Сан” ТББ санаачлан “Аптаун Вилла” хотхоны 53-р байрны “Сайн хөрш-53” номын санд ном хандивлах үйл ажиллагааг зохион байгуулж байна.

СХД-ийн 26 жилийн ой, дэлхийн хүүхдийн номын өдрийг тохиолдуулан “Аптаун Вилла” хотхоны хүүхдүүдийн танин мэдэхүй болон ном уншилгад зориулж Багшийн дээдийн “Номын цагаан өргөө” ховор, хуучин номын худалдааны захын 52 лангууны ах эгч нар нийт 250 орчим номыг тус хотхоны хүүхдүүдэд хандивлалаа.

Энэ үеэр номын худалдаанд 36 жил ажиллаж байгаа, МУСТА Д.Дүндгээ “Бид голцуу хүүхдэд зориулсан номнуудыг цуглуулж өгч байна. Тэднийг номонд дуртай болгохыг дэмжиж энэхүү хөтөлбөрт нэгдсэн. Сүүлийн үед хүүхдүүд номноос илүү их холдох болжээ. Тэд ихэвчлэн утсаар тоглож, интернэтээр аялж байгаа харагдах юм. “Манай сургуулийнхан”, “Малгайтай чоно”, “Хөгжөөнтэй туужууд”, “Хорвоотой танилцсан түүх” зэрэг ном их уншууртай. Дээр үед гарч байсан ахмад зохиолчдын түүврүүдийг хэвлэхээ больсон байна. 1950-1960 онд гарч байсан “Усан доогуур 20,000 бээр аялсан нь”, “Нууцат арал”, “Монте Кристо гүн” зэрэг сонгодог зохиолыг харахад анхны хэвлэлээ гүйцэхгүй болсон байдаг. Эдгээрийг системтэйгээр дахин хэвлэх хэрэгтэй гэж боддог. Өнөөдөр бид хүүхдүүдэд түүчээ болсон зохиолуудаас гадна “Хүндлэх мэндлэх ёс”, “Хамгийн эрхэм ёсон” зэрэг ойр зуурын Монгол ёс заншлаа мэдэхэд нь нэмэр болох ном, “Бурхан багшийн сургааль” зэргийг хандивлаж байна” гэлээ.

 

 

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …