Өнөөдөр Сүхбаатарын талбайд Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс есөн дүүргийн цагдаагийн хэлтсүүдэд тусгай тоноглолтой “Accent”маркийн 17 авто машиныг гардуулан өгөх ёслол боллоо.
Автомашин гардуулан өгөх ёслолын ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, НИТХ-ын төлөөлөгч, МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун, НИТХ-ын Ажлын албаны дарга Б.Батбямба, Нийслэлийн цагдаагийн газрын дарга Д.Ядамдорж тэргүүтэй зочид төлөөлөгчид, дүүргийн цагдаагийн хэлтсийн удирдлагууд оролцлоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд: Нийслэлийнхээ иргэдийн аюулгүй байдлын төлөө хийж байгаа ажлын нэгээхэн хэсгийн нээлтэд хүрэлцэн ирж, энэхүү арга хэмжээний гэрч болж байгаадаа баяртай байгаа илэрхийлье. НИТХ, НЗДТГ-ын зүгээс Улаанбаатар хотынхоо иргэдийн амгалан тайван байдлын төлөө бид жил бүр нийслэлийн төсөвт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зардалд зориулж таван тэрбум төгрөгийг төсөвлөдөг. Энэхүү таван тэрбум төгрөгийг Нийслэлийн Гэмт хэргээс сэргийлэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлүүлэхэд зарцуулдаг. Нийслэлийн 2017 оны төсөвт нийслэлийн дүүргүүдийн эргүүлийн автомашиныг шинэчлэх нь зүйтэй гэж үзсэний үндсэн дээр өнөөдөр ийнхүү нийслэлийн есөн дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчдад 17 автомашиныг гардуулан өгч байна. Цаашид ч гэсэн бид нийслэлийнхээ иргэдийн аюулгүй байдал, амар тайван орчинд байлгахын тулд хөрөнгө зарцуулж тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөсөн.
НИТХ-ын төлөөлөгч, МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун: Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, Нийслэлийн Иргэдийн Хурлаас баталсан засаг даргын “Аз жаргалтай хот” мөрийн хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн цагдаагийн хэлтсүүдэд автомашины парк шинэчлэл хийгдэнэ гэсэн үндсэн дээр Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн санхүүжилтээр 17 автомашиныг гардуулан өглөө. Нийслэлийн есөн дүүргүүдийн цагдаагийн хэлтэст олгогдож байгаа 17 автомашин гэмт хэргийн гаралтыг бууруулахад тодорхой хувь нэмэр үзүүлнэ гэдэг итгэлтэй байна.
НИТХ-ын Ажлын албаны дарга Б.Батбямба: НИТХ, Нийслэлийг ГХУСАЗЗ-ийн зүгээс иргэдийн аюулгүй, амар амгалан амьдрах орчиныг бүрдүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гарсан гэмт хэргийг таслан зогсоох, илрүүлэх чиглэлээр цагдаагийн байгууллагад чиглэл өгч олон ажлыг хэрэгжүүлж байгаа. Энд олгогдож байгаа 17 автомашиныг худалдан авах хөрөнгийн эх үүсвэрийг 2017 оны 11 сард НИТХ-аас тогтоол гарган Нийслэлийн төсвийн тодотголоор шийдвэрлэсэн. 2018 онд Нийслэлийг ГХУСАЗЗ-өөс цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг дэмжсэн олон ажлуудыг хэрэгжүүлэхийг зорьж байна. Энэ ажлын хүрээнд Цагдаагийн хэлтсүүдэд автомашин олгох, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх, гудамж талбайг камержуулах гэх зэрэг олон ажлыг нэрлэж болно. Ямартай ч гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтэй тэмцдэг цагдаагийн байгуулагын ажилтан албан хаагчдын албан ажлын орчин нөхцөл, техник, хэрэгслийг сайжруулах, ажлын чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд бид 9 дүүргийнхээ цагдаагийн хэлтэст парк шинэчлэл хийж, эдгээр тусгай тоноглолын авто машинуудыг өнөөдөр гардуулан өгч байна.
Нийслэлийн цагдаагийн газрын дарга Д.Ядамдорж: 2013 оноос парк шинэчлэлт хийгдээгүй байсан. Өнгөрсөн жил нийслэлийн төсөвт хөрөнгө суулгаж, энэ жил 17 автомашин өгч шинэчлэл хийгдэж байна. Эдгээр 17 автомашин хүлээлгэж өгснөөр 1/3 хувь нь шинэчлэгдэж байна. Харин 2/3 хувь нь эргүүлийн ажлаа хийхэд эвдрэл гэмтэл болон туулах чадвар сайнгүй гэх мэт асуудалтай байгаа. Үүнийг ирэх оны төсвийн тодотголоор Нийслэлийн Засаг дарга С. Батболд үе шаттайгаар шинэчилж өгнө гэж хэллээ.
Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн ахлах ахлагч Э.Мөнхбаяр: Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст долоон авто эргүүл байгаа. Харин өнөөдөр шинээр нэг автомашин нэмэгдсэнээр манай хорооны найман эргүүлийн автомашинтай хорооныхоо гэмт хэргийн дуудлага мэдээлэлд түргэн шуурхай очих боломжтой болж байна.
Монгол Улсын хэмжээнд 2017 онд бүртгэгдсэн нийт 32259 гэмт хэргийн 68.0 хувь буюу 21900 орчим гэмт хэрэг Нийслэлд үйлдэгджээ. Нийслэлийн хүн амын суурьшил тэлж, оршин суугчдын тоо нэмэгдэхийн зэрэгцээ ахуйн чанартай гэмт хэргийн гаралт, авто замын ачааллаас үүдсэн хэрэг зөрчил өдөр ирэх бүр ихсэх төлөвтэй байна. Иймд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтэй тэмцдэг цагдаагийн байгууллагын ажилтан албан хаагчдын албаны ажиллах хүч, техник, хэрэгслийг бэхжүүлэх, ажлын чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Цагдаагийн хэлтсүүдэд эдгээр автомашиныг хүлээлгэн өгч байгаа аж.
Г.Нараа