Ирэх 10-р сарын 3-аас 6-ны өдрүүдэд БНСУ-ын Инчён хотноо болох Азийн 12 хүртэлх насныхны хөлбөмбөгийн фестивальд Чингэлтэй дүүргийн 24-р сургуулийн дэргэдэх “ДМЮ” клубийн 11 хүртэлх насны баг тамирчид эх орноо төлөөлөн оролцохоор болжээ.
БНСУ-ын өсвөрийн хөлбөмбөгчдийн холбооноос зохион байгуулж буй тус тэмцээнд Азийн тивийн 42 улсын өсвөрийн хөлбөмбөгчид оролцох юм байна.
Багийн бүрэлдэхүүнд: Б.Энхжаргал (багийн ахлагч), Б.Оджаргал, Э.Энххүслэн, Б.Чин гүүн, Б.Насан-Эрдэнэ, У.Анхбаяр, Б.Гүн билэг, Э.Тэмүүжин, Н.Цэлмэг, Ж.Эрдэнэзолбоо, А.Сугарсайхан, Ц.Мөнх-Эрдэнэ, Б.Дамдинсүрэн, Г.Тэмүүжин, Б.Бат-Очир гэсэн сурагчид багтаж байгаа бөгөөд дасгалжуулагчаар Д.Нанжид, Б.Батсайхан нар ажиллаж байгаа ажээ.
Сонирхуулахад, “ДМЮ” клубийн баг тамирчид нь энэ жилийн “Дуулиан 2020” футзалын, МХХ-ны гадаа талбайн УАШТ-д түрүүлсэн юм байна. Тиймээс ССАЖЯ, “Их талын дуулиан” төрийн бус байгууллагаас энэхүү нэр хүндтэй тэмцээнд улсаа төлөөлөн оролцох эрхийг тус багийнханд олгосон байна. Мөн тэмцээнд оролцох баг тамирчидын зардлын тодорхой хувийг Б.Батзаяа захиралтай “Хүчит чулуут” ХХК ивээн тэтгэж байгаа ажээ.
Г.Сонор ugluu.mn