Өнөөдөр НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Хүн амын ахуй үйлчилгээ 2020” дэд хөтөлбөр, “Худалдаа хоол үйлдвэрлэл үйлчилгээ 2020” дэд хөтөлбөрүүд батлах тухай,Сити тур төсөл хэрэгжүүлэх тухай, шашны байгууллагуудын зөвшөөрлийн хугацаа сунгах тухай зэрэг 5 асуудал хэлэлцлээ.
Хуралдааны эхэнд Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр “Хүн амын ахуй үйлчилгээ 2020” дэд хөтөлбөрийн төслийг танилцууллаа.
Тэрээр “Нийслэл хот нь манай орны нутаг дэвсгэрийн 0,3 хувийг эзэлдэг бөгөөд нийт хүн амын 44,3 хувь /1380,8 мянган хүн/ оршин сууж байгаа нь иргэдийн тав тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, ахуйн үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлэх шаардлага байгааг харуулж байгааг дурдлаа. Ахуйн үйлчилгээний салбарын хэмжээнд 16 нэр төрлийн үйлчилгээ байна. Нийгмийн хөгжилтэй уялдан гэр цэвэрлэх, нүүлгэх үйлчилгээ, саун , гоо сайхан болон хүүхэд, өндөр настан асрах зэрэг үйлчилгээний шинэ төрөл нэмэгдсээр байна” гэв.
Хөтөлбөрийн гол зорилго нь жижиг, дунд үйлдвэр,үйлчилгээг хөгжүүлэх иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ядуурлыг бууруулах, эдийн засгийг хөгжүүлэх чиглэлээр нийслэлийн бодлого, зорилтыг хэрэгжүүлэхэд ахуйн үйлчилгээний салбарын гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлнэ. Мөн нийслэлийн иргэдэд сэтгэлд нийцсэн, чанартай, стандарт үйлчилгээг цогцолбор байдлаар нэг дороос авах боломж бүрдүүлэх, нийслэлийн ахуйн үйлчилгээний чанарыг олон улсын жишгийн дагуу сайжруулах, хүртээмж, нэр төрлийг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа юм. НИТХ-ын Тэргүүлэгчид төслийн танилцуулгыг сонсож, санал хэлж, асуулт асуув. Энэ дэд хөтөлбөрийн хувьд төрөөс барих эрх зүйн орчинг тодорхой болгох, орчин үеийн үйлчилгээний нэр төрлийг дахин харж, нэмэгдүүлэх,шинэчлэх, ОУ-ын хэмжээнд мэргэжилтэн бэлтгэх зэрэг асуудлуудыг нарийн тусгах шаардлагатай гэж үзлээ. Ийнхүү дэд хөтөлбөрийн төслийг буцааж ойрын хугацаанд НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд дахин оруулж ирэхийг үүрэг болголоо.