Төрийн албан ёсны хэлний тухай хуулийг шинэчлэн боловсруулахаар ажиллаж байгаа УИХ-ын гишүүн М.Батчимэг өнөөдөр Монгол Улсын гавъяат багш, хэл шинжлэлийн ухааны доктор, профессор С.Мөөмөөтэй уулзлаа.
Доктор, профессор С.Мөөмөө монгол хэлний тухай хуулийг шинэчлэх чухал ажлыг санаачилж, гардан ажиллаж байгаа УИХ-ын гишүүдэд талархал илэрхийлээд манай улсын хэлний бодлого цэгцтэй, дүрэм нь дэг жаягаараа байвал монгол хэл улам баяжин хөгжих нь дамжиггүй гэлээ. Тэрээр үндэсний хэмжээнд хэлний бодлогыг шинэчлэхэд дэлхийн олон орны туршлага, хууль тогтоомж, бодлогын баримт бичгийг харьцуулж үзэхээс гадна хэлний бодлогыг тодорхойлогч, сахин хамгаалагч институциудын талаар нарийвчлан судлах нь нэн чухал болохыг анхааруулсан байна. Түүнчлэн С.Мөөмөө гуай кирилл бичгийн дүрмийг Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын монгол үсгийн дүрмийн тольд суурилж явах нь зүйтэй гэсэн өөрийн байр суурийг ч илэрхийлсэн юм.
УИХ-ын гишүүн М.Батчимэг хэл шинжлэлийн ухааны ахмад үеийн төлөөлөлтэй уулзаж, монгол хэлний бодлогын талаар үнэтэй санал зөвлөгөөг сонссонд талархаж буйгаа илэрхийлэв. Мөн тэрбээр Төрийн хэлний тухай хуулийг шинэчлэн боловсруулах явцад олон орны хэлний хууль, холбогдох төрийн байгууллагуудын үүрэг, хариуцлага, хэлний бодлогыг хариуцах байгууллагын бүтэц, статус зэргийг нарийвчлан судалж байгаа хэмээн онцолсон байна.
Хэдий нас өндөр болсон ч үндэсний хэл соёлдоо санаа чилээж яваа С.Мөөмөө гуайд УИХ-ын гишүүн М.Батчимэг дахин талархал илэрхийлж, эрүүл энхийг ерөөснөөр уулзалт өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.