Налайх дүүргийн газар тариалан эрхлэгчид зөвлөлдлөө

Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Газар тариалангийн тогтвортой хөгжил” уриан дор дүүргийн газар тариалан эрхлэгчдийн анхдугаар зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгууллаа.
Зөвлөгөөнд дүүрэгтээ төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалагч, газар тариалан эрхлэгчдийн төлөөлөл болсон 7 хорооны 100 шахам иргэн оролцов. Нутгийн захиргааны байгууллагаас газар тариалангийн салбарын чиглэлээр баримталж буй бодлого, Швейцарийн хөгжлийн агентлагаас дүүргийн 7 дугаар хороонд хэрэгжиж байгаа Монгол ногоо төсөл болон ногоо зарах нэг цэгийн үйлчилгээ, газар тариалангийн чиглэлийн газар олголтын талаарх мэдээлэл зэрэг олон чухал мэдээлэл солилцсон уулзалт боллоо.

Налайх дүүргийн хувьд өнгөрсөн 2017 онд 224 өрх тариалалт хийж, 235 тонн ургац хураан авсан байна. Дүүргийн нийт төмс, хүнсний ногооны шаардлагатай хэрэглээ 126.7 мянган тонн байна гэсэн урьдчилсан тооцоолол гарчээ.

Дүүргийн Засаг даргын орлогч С.Тунгалаг энэ үеэр хэлсэн үгэндээ: “Цаашид төмс, хүнсний ногоо эрхлэгч болон эрхлэх хүсэлтэй иргэдэд газар олгох асуудлыг дэмжиж, өрхийн орлогыг бий болгох, борлуулах цэгийг нэмэгдүүлэх, улирал харгалзахгүй ажиллаж, чанартай төмс хүнсний ногоогоор товлосон цэгээс хэрэглэгчдэд хүргэх, “Алтан намар” ургацын баярыг жил бүр зохион байгуулж туршлага солилцох, өвлийн хүлэмжийн аж ахуй эрхлэх иргэдтэй хамтран ажиллах зэргээр дэмжиж хамтран ажиллана” гэв.
Уулзалт зөвлөгөөний төгсгөлд оролцогчдод төрөл бүрийн жимс жимсгэний үр тараалаа гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

 

 

Санал болгох мэдээ

Энэ оны 1-р улиралд гэмт хэргийн улмаас 1660 хүүхэд хохирчээ

Энэ оны I улиралд хүүхдэд хохирол учруулсан 1582 хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд прокурор хяналт тавьж, …