Өнөөдөр аргын тооллын 2018 оны дөрөвдүгээр сарын 16. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Хаврын дунд хөхөгчин туулай сарын 30. Сумъяа гараг. Шийдэм одтой, найман цагаан мэнгэтэй шар бар өдөр.
Өдрийн наран 6 цаг 03 минутад мандан, 19 цаг 42 минутад жаргана. 09 цаг 58 минутад сар битүү болно. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сан тавиулах, угаал үйлдэх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангарагаа буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд эрлэг лугаа учирна хэмээжээ.