100 айлын барилгын материалын зах, худалдааны төвийн бизнес эрхлэгчидтэй уулзлаа

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 12 тоот тогтоолоор Сүхбаатар дүүргийн 10, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах төвлөрсөн барилгын материалын зах, худалдааны төвийн асуудлын талаар санал, дүгнэлт, судалгаа, төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа билээ. Энэ ажлын хүрээнд өнөөдөр ажлын хэсгийн дарга Ч.Гантулга Хангарьд ордонд бизнес эрхлэгчидтэй ээлжит уулзалтаа хийж санал солилцлоо. Өнгөрсөн хугацаанд ажлын хэсгийнхэн 4 удаагийн хуралдаан, 2 удаагийн ажил байдалтай танилцах уулзалт, 2 удаагийн 100 айлын барилгын материал худалдааны төвийн бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзалт хийжээ.

Бизнес эрхлэгчдийн төлөөлөл саналаа хэлж шинэ төлөвлөлтийн ажлыг дэмжиж таатай хүлээн авсан. Мөн хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ. Гэвч олон жил тогтвортой бизнес эрхэлсэн иргэд өөрсдийнх нь хувьд хохиролгүй байх цаашид энэ асуудалд ул суурьтай хандах шаардлагатай байна гэдгийг анхааруулав.

Одоогийн байдлаар  Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт /100 айл орчимд/ дүүргийн Татварын хэлтэст бүртгэлтэй нийт 800 гаруй  иргэн, аж ахуйн нэгж барилгын материалын худалдаа, үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Зөвшөөрөлгүйгээр элс, хайрганы худалдаа эрхэлдэг 50 гаруй иргэн, аж ахуйн нэгжийн хүнд даацын 70 гаруй машин, механизм ажиллуулж байна.

Барилгын материалын зах, үйлдвэр, үйлчилгээний төвүүд нь эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүй. Байгаль орчныг хамгаалах тухай холбогдох хууль, тогтоомжуудыг зөрчсөн. Үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах наад захын стандарт шаардлагыг хангаагүй, эрүүл  ахуйн холбогдох хуулиуд зөрчигдөж байна. Иймд нийслэлийн төв цэгт орших 100 айл орчмын барилгын материалын худалдааны зах, төвийн үйл ажиллагааг холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд цэгцлэх, стандарт шаардлагыг мөрдүүлж ажиллах, гар дээрээс болон гадуурх худалдааны цэгүүдийн үйл ажиллагааг зогсоох, агаар, хөрсний бохирдол үүсгэж байгаа үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэх зайлшгүй шаардлага гарч байна.

                        Нүүлгэн шилжүүлэх ажлыг 3 үе шаттай хэрэгжүүлнэ

Ажлын хэсэг нүүлгэн шилжүүлэх ажлыг 2018-2020 онд хийхээр төлөвлөж байна. Үүнд:

1 дүгээр үе шат

  • УБЕГ-ын зарим чиг үүргийг дүүрэг, холбогдох цэгүүдэд шилжүүлэх,
  • Баруун болон хойд чиглэлд барилгын материалын худалдааны шинэ зах нээх ажлыг судлах,
  • Ил задгай хоол хүнс, барилгын материал болон бусад худалдааг зогсоох,
  • Стандартын шаардлага хангахгүй хоолны газар, ТҮЦ, дэлгүүрүүдийг хаах,
  • Чулуу, будаг, төмөр, цонхны болон бусад химийн хортой үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоох, нүүлгэн шилжүүлэх /Налайх дүүрэг/.

2 дугаар үе шат

  • Явган болон автозамын нэвтрэх чадварыг сайжруулж, өргөтгөх /1-2 эгнээгээр нэмэгдүүлэх/,
  • Ерөнхий төлөвлөгөөний дагуу орчны тохижилт, гэрэлтүүлгийг сайжруулах,
  • Дахин төлөвлөлтийн дэд бүтцийг сайжруулж шинэчлэх төлөвлөгөө боловсруулах.

3 дугаар үе шат

  • Шаардлага хангахгүй хуучны барилгуудыг буулгаж Ерөнхий төлөвлөгөөний дагуу барилгажуулах,
  • Шинээр орчин үеийн худалдаа, үйлчилгээний төвүүдийг бий болгох,
  • Сүхбаатар дүүргийн 10, 11, 12 дугаар хороодод дахин төлөвлөлтийн дагуу орон сууц хорооллыг барьж байгуулах юм.

 НИТХ-ын ХМОНХТ

 

Санал болгох мэдээ

Сүхбаатар дүүрэг: “Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалт болов

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран цэцэрлэг, сургуулийн эмч нарт …