Өнөөдөр аргын тооллын 2018 оны дөрөвдүгээр сарын 18. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Хаврын адаг улаан луу сарын 3. Буд гараг. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, зургаан цагаан мэнгэтэй, цагаан луу өдөр.
Өдрийн наран 5 цаг 58 минутад мандан, 19 цаг 45 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно хэмээжээ.