Үндэсний спортын VI их наадам Хүй долоон худагт зохион байгуулагдана 

Үндэсний спортын VI их наадам зохион байгуулах хорооны хоёрдугаар хурал БСШУСЯ-нд өчигдөр боллоо.

Хурлаар их наадмын зохион байгуулах хорооны гишүүдийн ажил үүргийн хуваарь, ирэх наймдугаар сард хийхээр төлөвлөсөн “Нүүдэлчин” фестивалийн танилцуулга болон 2018 онд хийгдэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэх зэрэг асуудлыг шийдвэрлэлээ.

Их наадам нь үндэсний спорт, тоглоом наадгай, ёс заншил, зан үйл, соёлын биет болон биет бус өвийг өсвөр үеийнхэнд өвлүүлэн таниулах, гадна дотнын жуулчид болон судлаачдад сурталчлах зорилготой юм. Их наадмыг олон нийтийн дунд түгээмэл дэлгэрсэн зуны 10, өвлийн дөрвөн үндэсний спортын төрлөөр зохион байгуулна.

Тодруулбал, их наадмын зуны төрөлд үндэсний бөх, үндэсний сурын харваа, хурдан морины уралдаан, шагайн харваа, ширээний шагай, жороо морины уралдаан, уран уургач, бугуйлч, эмнэг булгиулагч, буриад, урианхай, уламжлалт сурын харваа гэсэн 10 төрлөөр зохион байгуулна.

Өвлийн төрөлд мөсний шагай, мөсний сурын харваа, тэмээн поло, хурдан тэмээний уралдаан багтжээ. Энэ жилийн их наадмын өвлийн төрөлд мөсний шагай, мөсний сурын харваа тэмцээнийг амжилттай зохион байгуулсан бол шүлхий өвчин гарсантай холбоотойгоор тэмээн поло, хурдан тэмээний уралдааныг ирэх жил явуулахаар болсон.

Харин ирэх наймдугаар сарын 11-15-ны өдрүүдэд Хүй долоон худагт их наадмын зуны 10 төрлийн тэмцээн болох бөгөөд улсын хэмжээнд хоёр үе шаттай явагдана. Анхан шатны тэмцээн аймаг, дүүргийн хэмжээнд ирэх зургадугаар сарыг дуустал явагдах бол тэндээс шалгарсан баг, тамирчид Хүй долоон худагт болох шигшээ тэмцээнд оролцох эрхээ авах юм.

 

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …