Тавантолгойн нүүрсээс “хулгай хийсэн” хүнийг зарлаж чадсангүй

УИХ-ын гишүүн Л.Энхболд 268 мянган тонн нүүрс хулгайд алдагдсан гэх асуудлаар өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ.  Ингэхдээ Өмнөговьчуудыг тэжээж байгаа орон нутгийн өмчит Тавантолгой компанийг энэ хэмжээний нүүрс хулгайлж гаргасан хэмээн тодорхой баримтгүйгээр ярьж байгаа нь өөрөөс нь ямар нэг ашиг сонирхол үнэртэж байна гэж хардаж болохоор байна. Учир нь яригдаад байгаа нүүрсний хулгайн  асуудлыг хууль хяналтын байгууллагаас баримтаар тогтоосон зүйл одоогоор  алга байна.

Өмнөговьчуудыг төлөөлөн УИХ-ын гишүүнээр сонгогдсон  Л.Энхболд  өнөөдөр орон нутгаа бүхэлд нь тэжээж амин зуулгыг нь залгуулж байгаа Тавантолгой компанийг нүүрсний хулгайд хардаж байна гэсэн мэдэгдэл хийж байгаа нь ямар учиртай вэ?

Хүн бүрт хардах эрх бий. Гэвч тэр хардалтаа ямар нэг баримтгүйгээр олон нийтэд хүргэж,  өөрийнхөө ашиг сонирхолыг илэрхийлсэн санаагаа нийтэд итгүүлэх гэж оролдож байгаа үйлдэл гэж харахад хүргэж байна.

Түүний хийсэн мэдэгдлээс үүдэн  үнэн худал нь мэдэгдэхгүй нүүрсний хулгайн сэдэв улс төрийн шинжт, агуулгатай болж эхэллээ. УИХ-ын гишүүн Л.Энхболдын хэлснээр орон нутгийн өмчит Тавантолгой компани нь Эрдэнэс тавантолгой компаний лицензийн талбай руу хэтэрч олборлолт хийн 268,3 мянган тонн нүүрс  хулгайгаар авчихсан бололтой. Ингэж хэлэх болсон шалтгаан нь  хэзээ хэдийд  гарсан нь тодорхойгүй,  өмнө 379 мянган тонн нүүрс хулгайгаар хил гарсан байх магадлалтай гэх бүдэг бадаг мэдээлэлд тулгуурлан хардсан шинжтэй  байна.

Гэвч хэзээ, хэн ийм юм  “нүүрс хулгайлав”  гэдгийг Л.Энхболд гишүүн өөрөө болон мэргэжлийн байгууллагууд өнөөдөр бат нот дүгнэлтээ гаргачихаагүй гэнэ.  Тиймээс сураг ажгаар өөрийнхөө хардалтын дагуу улс төр хийгээд яваад байна уу гэсэн сэтгүүлчдийн асуултанд дорвитой хариулт өгч чадсангүй.

Л.Энхболд гишүүний дайраад байгаа Орон нутгийн өмчит Тавантолгой компани нь өнгөрсөн жил гэхэд улсад 165,5 сая тэрбум төгрөгийн татвар төлсөн байна.   Дээр нь  Өмнөговь аймгийн төсвийн 85 хувийг, Цогтцэций сумынхаа төсвийн 97 хувийг бүрдүүлж үндсэндээ аймгаа бүхэлд нь тэжээж байгаа цорын ганц компани юм.   Хувьцаа нь үнэ цэнэтэй, ногдол ашгаа сайн тараадаг гээд эдийн засгийн  хувьд  маш өндөр үр өгөөжтэй ууган Тавантолгойд шүлсээ гоожуулах  улс төрчид олон бий.  Тэдний нэг нь эл нутгаас сонгогдсон Л.Энхболд гишүүн биш биз гэж хардахад хүргэж байна.   Ингэж хэлэхийн уичр нь  түүний төрсөн ах  нь  хүн ГЕГ-д өндөр албан тушаал хашдаг гэдэг.

Мэдээжийн хэрэг  надад Тавантолгой компанитай холбоотой хувийн  ашиг сонирхол бий гэж ил цагаан  хэлдэг улс төрч гэж байхгүй. Өнгөрөгч  долоо хоног сэтгүүлчдийн сурвалжлах баг Өмнөговь аймагт  томилолтоор ажиллахдаа  Л.Энхболд гишүүний яриад байгаа мөргөцөг дээр очиж нөхцөл байдалтай газар дээр нь танилцжээ.

Мөргөцөг гээд байгаа нь хоёр Тавантолгой компаний лицензийн заагийг тодорхойлдог хил гэж ойлгож болох юм байна. Гэхдээ энд байгаа нүүрсний 200 гаруй мянган тонн нь чанар мууртай, исэлдэх нүүрс байдаг гэнэ.  Үлдсэн 60 гаруй мянган тонн нь коксжих нүүрс . Тэгэхээр дийлэнхи нь чанар муутай исэлдэх нүүрс байхад үүнийг хулгайлж зөөх нь хэнд ашигтай вэ?

Тавантолгой компаниас өгч байгаа тайлбараар гаалийн хяналт чанга, 24 цагийн камертай байдаг. Энэ мөргөцөгөөс тийм их хэмжээний нүүрсийг хулгайлж гарах ямар ч боломжгүй гэв.  Тиймээс уул уурхайн асуудлаар УИХ-ын гишүүд өөрсдөө хууль хяналтын байгууллагаас урьтаж улс төржиж байна уу гэж хардахад хүрч байна.

М.Цэцэг


Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …