Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн спортын наадам ирэх тавдугаар сарын 29-31-ний өдрүүдэд Улаанбаатар хотод болно. Энэхүү наадмыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Биеийн тамир, спортын газар, “Гранд Чайна Спортс” ХХК, Монголын Үндэсний Паралимпийн хороо, Дифлимпийн хороо, Тусгай олимпийн хороо хамтран зохион байгуулах аж.
“Нэг бүс-Нэг зам” төслөөр болох Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн спортын наадамд спортын найман төрөлд 493 тамирчин 238 медалийн төлөө өрсөлдөх аж. Мөн 81 шүүгч, 83 дасгалжуулагч, 8 эмч, сайн дурын ажилтнууд оролцох юм байна.
Энэхүү наадам дифлимп (сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй), паралимп (гар, хөл, нуруу нугасны болон харааны бэрхшээлтэй), тусгай олимпийн (оюуны бэрхшээлтэй) баг тамирчид өөр өөрсдийн ангилалын дагуу спортын найман төрлөөр өрсөлдөнө.
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 3.2.53-т хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай тоноглол бүхий цогцолборыг барих ажлыг 2017-2019 онд хэрэгжүүлэхээр тусгагдсан бөгөөд БНХАУ-ын буцалтгүй тусламжаар гүйцэтгэхээр тусгагдан ажиллаж байгаа аж.