Эх \өгүүллэг\

0258047615342012-04-17-19-49[www.golio.mn]Өнөөдөр та бүхэндээ Утгын чимэг 2012 наадмын бүтээл “Эх” өгүүллэгийг хүргэж байна. Энэхүү өгүүллэгт эх хүний зовлон шанлал юунд байдаг гэдгийг өгүүлжээ

Эх

Тэнгэрийн хаяанаас одод шүүгдэж үүр хаяарчээ. Уйтайхан дорнын тэнгэрт ганц нэг одод болор талст шиг л тодоос тод гялалзана. Ай да зуны шөнийн богинохон басхүү уянгатайг яана. Хандмаа энэ бүгдийг анзаарах ч сөгөөгүй харьж явлаа. Ер нь тэр энэ бүхнийг анхаархаа болиод нэлээн уджээ. Эхлээд ажилдаа дасаж өгөхгүй нэлээн зовсны эцэст одоо л овоо зүгшрэх янзтай. Гэсэн ч энэ ажилд орсны дараахнаас л ээжийнх нь бие өвдөж тэрний сэтгэлийг нэг ч өдөр амар амгалан байлгасангүй.

Хандмаа уг нь өндөр гоолиг нуруутай, үргэсэн зээр шиг том алаг нүдтэй, сэргэлэн бор хүүхэн л дээ. Гэсэн ч ээж дүү хоёроо тэжээхийн төлөө бас өөрөө амьдрахын тулд энэ ажилдаа улайрч зүтгэнэ.

Шөнийн ажил ээжийнх нь өвчин шаналал, энэ бүхэн эмзэг урьхан бүсгүйд ахадсан зовлон болохыг тэр бүрий хүн анзаарахгүй. Хандмаа явсаар хотын захын гэр хороололд байдаг гэрийнхээ гадаа ирлээ. Тэр ингээд ирэх болгондоо хэнгэнтэл санаа алдаад гэрийнхээ босгыг алхдаг болсоор багагүй хугацаа өнгөрчээ. Гэрт орвол дүү нь нойрмоглож:

-Паах, хурдан хэвтээч. Архи ууцан юм уу хаашаа юм, ямар муухай үнэртэй юм бэ?
-Чшш, архи уугаагүй ээ. Ажлаа дуусаад л ганцхан пиво уусан юм.
-Хн, дандаа л ганц пиво гэх юм. Заваан юм, цаашаа цаашаа муухай үнэртээд байна.
-За за за. Чи байтлаа эгчийгээ загнах гээд байгаа юм уу. Чимээгүй бай за юу. Ээж сэрчлээ.
-Тэртээ тэргүй ээж сэрүүн байгаа юм чинь.
-Тийм үү?

Тэгэлгүй яадгын танаас болоод ээжийн нойр хүрэхгүй байгааг мэдэж байна уу үгүй юу.Энэ үед ээж нь үнэхээр унтаагүй сэрүүн байжээ.
-Миний хүүхдүүд хоорондоо битгий муудалц. Хар үүрээр хэрэлдэх муу ёр гэдэг юм. Хандмаа миний охин гэрэл асаадаа. Ээж нь шингэн юм уугаадхая.
-Ээж ээ, таны бие яаж байна. Гайгүй юу?
-Гайгүй л байна гэсээр дэргэдээ тавьсан аягатай цайнаас ганц нэг балгаад:
-Миний охин энэ ажлаасаа гарвал яасан юм. Үдшээр яваад л үүрээр ирдэг дэмий ажил. Чамайг ингэж ядарч зовохыг чинь харах ээжид нь үнэхээр хэцүү байх юм. Миний охин өөр ажил олж хий л дээ.
-Тэгье ээ ээж ээ, тэгье.

Ээж охин хооронд ийм яриа болсон тэр л өдрөөс хойш Хандмаа ажилдаа явсангүй. Хэнтэй ч юу ч ярилгүй нэлээн хэд хоног өнгөрлөө.

Усан бороо цутгасан намрын нэг өдөр:
-Хандмаа эгч ээ, хоол байхгүй юм уу? Өлсөж үхэх нь ээ гэсээр дүү нь гаднаас орж ирэхэд Хандмаа зүйрмэглэж байсан нойрноосоо сэрлээ.
-Ёо ёо ёо, хурдхан шигл том болоод ажил хийх юмсан гэж дүүгээ хэлэхэд нь Хандмаа:
-Миний дүү удахгүй том болоод хүссэн хүсээгүй л ажил хийнэ гэж хэлээд босож нүүр амаа будаж шунхдаж аваад:
-За ажлаараа нэг ороод ирье дээ гэсээр гарлаа.

Маргааш нь Хандмааг ажлаасаа нэлээн оройтож иртэл дүү нь гэртээ ганцаархнаа уруу царайлаад сууж байх нь тэр.
-Ээж, ээж хаачаа вэ
-Дөнгөж сая эмнэлэг ирээд аваад явчихлаа.
-Юу гэнэ ээ? Яасан юм? Ээж яагаа вэ?
-Мэдэхгүй ээ, ухаа алдчихсан. Би тэгээд таныг хүлээгээд ирэхгүй болохоор нь эмнэлэг дуудсан юм.
-Тийм үү. За тэгвэл хурдал, хувцасаа өмс, явъя. Эмнэлэг оръё.

Эгч дүү хоёр яаравчилж алхсаар эмнэлэг дээр иртэл эмч тэр хоёрыг шуудхан л ээжийнх нь хэвтэж байгаа өрөөнд орууллаа. Хандмаа ээжийгээ хараад нүдэндээ ч итгэсэнгүй. Ээжийгээ ингэж их турж эцсэнийг бас ингэж их жижгэрснийг тэр дөнгөж сая л анзаарч “Ээж ээ, ээж ээ” гэж дуу алдхад ээж нь нүдээ нээж хоёр хүүхдээ удаан гэгч нь тогтоож харснаа ямар нэг юм хэлж байгаа бололтой амаа хэд өмөлзүүлээд нүдээ аньчихлаа.

Тэр дахиад нүдээ нээж хорвоо дэлхийгээ, хоёр алаг үрээ харсангүй. Хандмаа яг л солиорчихсон юм шиг ер бусын тайван болжээ. Орь дуу тавьж уйлах дүүгийнх нь дуу дасал болсон хөгжмийн аялгуу шиг л сонсогдож байлаа.

Энэ үед хонгилд эмч нарын дуу гарч
-Саяын өнгөрдөг талыгаач энэ хүүхний ээж нь байсан юм уу?
-Тийм бололтой юм аа.
-Ишш зайлуул. Энэ охин чинь биеэ үнэлдэг юм. Өчигдөрхөн билүү дээ манай энд үзлэгт хамрагдаад явж байсан. Ээж нь харин яасан байна?
-Хоол ундгүй тураалд ороод өлбөрсөн шинж тэмдэгтэй байна аа.
-Пээх, үгүй ээ энэ чинь биеэ үнэлж олсон хэдэн төгрөгөө хааш нь хийчихдэг туучий вэ?
-Харин тийм ээ, гэртээ аваачдаггүй л юм байлгүй дээ.
-Хээ, яасан муухай хувиа бодсон хүүхэд вэ энэ чинь одоо.
-Харин тийм ээ.

Энэ яриаг Хандмаа тодоос тод сонсож байлаа. Тэгээд дүүгээ тайвшруулж аваад гэртээ ирэхэд муу умгархан байшин нь ханхайж цэлийгээд ер бусын уйтгартай хөндий хүйтэн оргилоо. Хандмаа шуудхан л гүйж очоод ээжийнхээ орны гудсыг сөхтөл тэрний ижийдээ авчирч өгсөн хэдэн халтар төгрөг цагаан цаасан дээр хараар бичсэн өдрийн тэмдэглэл шиг ярайж байлаа.

Ugluu-logo16 - Copy - Copy - Copy - Copy

Санал болгох мэдээ

Ногоон автобусны “нэрээр“ төсвийн хөрөнгийг завшигсдад хуулийн хатуу хариуцлага хүлээлгэе

  Ногоон автобусны хэрэг явдал дэлхийн дэвжээнд нэгэнт гарлаа. Энэ бол Монгол улсад бусармаг үйл …