Монголын Үндэсний Олимпийн Хорооноос тухайн сард болж өнгөрсөн уралдаан тэмцээнд өндөр амжилт үзүүлж, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд өргөсөн тамирчид, багийг алдаршуулах, сар бүр Монголын спортын ертөнцөд болсон үйл явдлыг дүгнэх зорилгоор “Сарын шилдэг тамирчин”-г тодруулж байгаа билээ.
Өмнөх саруудад энэхүү шагналыг Д.Сумъяа /жүдо/, П.Орхон /чөлөөт бөх/, Д.Батсүрэн /шатар/, 3×3 сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн баг, Б.Энххүслэн /усанд сэлэлт/, П.Тэмүүжин /тэквондо/ нар тус тус хүртэж байсан билээ.
Тэгвэл 2018 оны 3-р сарын шилдэг тамирчны шалгаруулалт 4-р сарын 9-22-ны өдрүүдэд үргэлжилж, шилдэг тамирчнаар өнгөрөгч сард Кыргызстан улсын нийслэл Бишкек хотноо зохион байгуулагдсан чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээний аварга болсон П.Орхон олонхийн саналаар сарын шилдэг тамирчин боллоо. Тэрээр хамгийн олон буюу 4 дэх удаагаа энэ шагналд нэр дэвшиж, 2 дахь удаагаа ялагч болж байна. Энэ нь анх удаа нэг тамирчин нэгээс илүү удаа сарын шилдгээр тодорч байгаа тохиолдол юм.
Түүнтэй хамгийн хүчтэй өрсөлдөөнийг ОХУ-ын Екатеринбург хотноо явагдсан жүдогийн их дуулга тэмцээнд түрүүлсэн амжилтаараа 2дахь сардаа дараалан энэ шалгаруулалтад өрсөлдсөн ОУХМ Ц.Цогтбаатар, мэргэжлийн сүмогийн Хару башёд түрүүлсэн их аварга Какүрюү М.Ананд нар үзүүлж удаах байруудад бичигджээ.
Гуравдугаар сарын шилдэг тамирчны шалгаруулалтад ОХУ-ын Улаан-Үд хотноо болсон Буриадын ерөнхийлөгчийн нэрэмжит чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн тэмцээнд түрүүлсэн Э.Бэхбаяр, Японы Такасаки хотноо явагдсан чөлөөт бөхийн дэлхийн цомын тэмцээнд хүрэл медаль хүртсэн эмэгтэйчүүдийн шигшээ баг тус тус нэр дэвшсэн билээ.
“Сарын шилдэг тамирчин”-г спортын сэтгүүлчид болон олон нийтийн нээлттэй санал асуулгын үр дүнд тодруулдаг билээ. 3-р сарын шилдэг тамирчин шалгаруулах олон нийтийн санал асуулгад 1000 гаруй хөгжөөн дэмжигч, 30 гаруй спортын сэтгүүлчид оролцжээ.
ГУРАВДУГААР САРЫН ШАЛГАРУУЛАЛТЫН ДҮН
НИЙЛБЭР ДҮН:
М.Ананд – 16,2%
Э.Бэхбаяр – 8,8%
П.Орхон – 45,1%
Ц.Цогтбаатар – 17,5%
Чөлөөт бөхийн эмэгтэй шигшээ баг – 12,4%
Олон нийтийн санал асуулгын дүн:
М.Ананд – 16,2%
Э.Бэхбаяр – 8,8%
П.Орхон – 65,2%
Ц.Цогтбаатар – 13,3%
Чөлөөт бөхийн эмэгтэй шигшээ баг – 4,7%
Спортын сэтгүүлчдийн санал асуулгын дүн:
М.Ананд – 25,0%
Э.Бэхбаяр – 9,3%
П.Орхон – 25,0%
Ц.Цогтбаатар – 21,7%
Чөлөөт бөхийн эмэгтэй шигшээ баг – 20,0%