Одоогоос 20 жилийн өмнө нийслэлийн Баянгол дүүргийн 43 болон 56-р сургууль нэгдэж “Эрдмийн өргөө” цогцолбор сургууль байгуулагдсан түүхтэй. Ийнхүү цогцолбор сургууль байгуулагдсаны 20 жилийн түүхэн ойн баярыг өнгөрөгч амралтын өдөр тэмдэглэн өнгөрүүллээ.
Өнгөрөгч хугацаанд сургуулийн хамт олон дүүрэгтээ төдийгүй улсдаа нэр хүндтэй олон тэмцээн уралдаанд оролцож өндөр амжилт үзүүлжээ. Тухайлбал, ОХУ-д зохион байгуулагдсан олон улсын найрал дууны уралдаанаас Гран при шагнал хүртжээ. Түүнчлэн англи хэл, биологи, нийгмийн олимпиадад олон амжилтыг үзүүлсэн өөдрөг үйлстэйгээр түүхэн ойн баяраа угтан авлаа.
Өнөөдрийн байдлаар тус сургууль 186 багш ажилчидтай, 4300 сурагчтайгаар үйл ажиллагаа явуулж байгаа ба энэ жилийн хувьд багш сурагчдын ажиллаж сурах таатай нөхцлийг бүрдүүлэх, сургуулийн бүсийг хүүхдэд аюулгүй ээлтэй орчин орчин болгох зорилтыг тавин ажиллаж байна.
“Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн 20 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтын үеэр тус сургуулиар овоглодог үе үеийн төгсөгчид, ахмад багш ажилчид хүрэлцэн ирээд байв. Энэ үеэр олон жил үр бүтээлтэй ажиллаж хөдөлмөрлөсөн багш ажилчид, сурлага авьяасаар тэргүүлсэн сурагчдыг шагнаж урамшууллаа. Тухайлбал, Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр, Технологийн багш Д.Эрдэнэчимэг, Бага ангийн багш Д.Сувдаа, Монгол хэлний багш А.Замбага, Технологийн багш Б.Болормаа, Биеийн тамирын багш Б.Минжиннаваа, Бага ангийн багш Н.Алтанхундага, БСШУСЯ-ны жуух бичгээр Биеийн тамирын багш Д.Баярцэцэг, Биеийн тамирын багш Л.Тунгалаг, Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын тэргүүний ажилтан цол тэмдгээр В.Мягмарсүрэн, Т.Батбаяр, С.Ганчимэг, Н.Буян, Т.Саранчимэг, Нийслэлийн хүүхэд гэр бүл хөгжлийн газрын “Шилдэг залуу” алтан медалиар Нийгмийн ажилтан Э.Уртнасан, Англи хэлний багш Н.Чулуунцэцэг, Нийслэлийн хүүхэд гэр бүл хөгжлийн газрын “Авъяас” алтан медалиар 7д ангийн сурагч Б.Наранбилэг нар тус тус шагнагдлаа. Ойн баярын үеэр тус сургуулийн багш нарын төлөөлөлтэй уулзаж санал сэтгэгдлийг нь сонслоо.
“Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн 1-10-р ангийн багш, Монгол улсын Боловсролын тэргүүний ажилтан Д.Сувдаа “Өнөөдөр манай сургуулийн түүхэн ойн баярын өдөр тохиож байна. Нийт багш ажилчид, үе үеийн төгсөгч, сурагч нартаа баярын мэндчилгээ дэвшүүлж цаашдын ажил хөдөлмөрт нь амжилт хүсэж байна. Мөн энэ тэмдэглэлт өдөр Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулсандаа баяртай байна. Би “Эрдмийн өргөө” цогцолбор сургуульд бага ангийн багшаар 9 дэх жилдээ ажиллаж байна. Манай бага анги 12 бүлэгтэй нийт 500 гаруй сурагчтайгаар үйл ажиллагаа явуулж байна” гэлээ.
“Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн 1-4-р ангийн багш П.Даваажав “Анх 1986 онд Багшийн сургууль төгссөнөөс хойш боловсролын салбартаа 26 даь жилдээ ажиллаж байна. 1989 оноос хойш тасралтгүй бага ангийн багшаар ажиллаж, энэ хугацаанд 200 гаруй шавьтай болжээ. “Эрдмийн өргөө цогцолбор” сургуулийн нэг хэсэг нь болон ажиллаж байгаадаа маш их баяртай байдаг. Би энэ сургуульд 2008 онд анх ажиллаж эхэлсэн. Сургуулийн маань хувьд удирдлага менежмент сайтай, ажиллах таатай нөхцлийг бүрдүүлж ажилладаг. Энэ дашрамд, сургуулийнхаа ойн баярын мэндийг нийт багш ажилчиддаа хүргэж байна” гэв.