2018 оны 03 сарын 23-ны өдрийн НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар Улаанбаатар хотын дүрэм, хаягжилтыг судлах ажлын хэсгийг НИТХ-ын тэргүүлэгч Н.Батсүмбэрэлээр ахлуулсан 11 хүний бүрээлдэхүүнтэйгээр байгуулсан.
Тэгвэл тус ажлын хэсэг өнөөдөр хуралдан, Хотын дүрмийн төсөл дээр ажиллаж байсан “Ач холдинг” ХХК-ийн тайлан мэдээллийг сонсож, цаашид хийх ажлын төлөвлөгөөгөө хэлэлцлээ.
“Ач холдинг” компанийн менежер Л.Цоодол “Манай компаний хотын дүрмийн төслийг гүйцэтгэх тендерт оролцон 2013 оны 4 сард ялалт байгуулан 2.5 жилд багтааж гүйцэтгэхээр болсон. Энэ хугацаанд бид АНУ, Канад, Австри, Шинэ зеланд, ОХУ зэрэг улс орнуудын хотын дүрмийг судалсан. Эдгээрээ АНУ-ын Денвер хотын засаг захиргааны онцлог, ИТХ-ын загвар нь манай хоттой ойролцоо байсан учрас бид Денвер хотын дүрмэнд дээр нэлээд түлхүү ажилласан. Төслийн хүрээнд бид олон дүрэм орчуулан боловсруулж бэлтгэсэн. Дүрмийн төслийг хэргжүүлэх боломжийн бэлтгэх явцад манай эрх зүйн орчин бүрхэг байдаг нөхцлөөс болж асуудал тулгарч байсан явдал бий” гэв.
Ажлын хэсгийн ахлагч Н.Батсүмбэрэлийн зүгээс “Та бүхэн тодорхой хэмжээний ажил хийсэн гэдгийг сайн ойлгож байгаа, 53 дүрмийн төслийн хэд нь Улаанбаатар хотын эрх зүйн орчинтой хэрхэн нийцсэн вэ?” гэсэн асуултанд “Ач холдинг” компанийн менежер Л.Цоодол хариуцлахдаа: “Хот нийслэлийн эрх зүйн өнөөгийн орчны хувьд аль ч дүрмийг хэрэгжүүлэх боломж хязгаарлдагдмал байдаг болохоор яг тэд нь нийцсэн гэж хэлэх боломж муутай” гэв.
Үүний дараа Ажлын хэсгийн гишүүд саналаа солилцов. НЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал “Нийслэлийн эрх зүйн байдлын хуульд хот дүрэмтэй байх тухай заалт байдаггүй учраас эдгээр дүрмийг шууд аваад хэрэгжүүлэх боломжгүй. Тиймээс бид эхлээд Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар батлуулж, түүндээ нийслэл хот дүрэмтэй байх тухай асуудлыг тусгаад, дараа нь эдгээр дүрмийг НИТХ-аар батлуулаад, ХЗДХЯ-д бүртгүүлээд явах нь зүйтэй гэж ойлгож байгаа” гэлээ.
Хуралдааны төгсгөлд Ажлын хэсгийн ахлагч Н.Батсүмбэрэлээс ажлын хэсэгт хандан тодорхой үүрэг чиглэл өгөв. Тухайлбал, “Ач холдинг” компанийн танилцуулгыг дараагийн хуралд дахин хийх, ингэхдээ дүрмийн төслийн орчуулсан хувилбар, найруулан боловсруулсан хувилбар зэргийг ялгавартай гаргаж танилцуулах, мөн эдгээр дүрмийг боловсруулахдаа ямар арга хэрэглэсэн, цаашид хэрэгжих магадлал боломжийг нь хэрхэн үндэслэсэн зэргийг тусгаж танилцуулах чиглэл өгсөн бол Багануур, Налайх дүүргийн захирагч нартай уулзалт зохион байгуулах, дүрмийн төслийг дотор нь ангилж, холбогдох газар, хэлтэс агентлагуудад шилжүүлэн тэдгээрийн саналыг нягтлан авч дараагийн хуралдаанд оруулж ирэхийг ажлын хэсгийн гишүүдэд үүрэг болголоо.
Н.Батсүмбэрэл “Манай ажлын хэсгийн үүрэг бол нийслэлийн төсвөөс тодорхой хэмжээний зардал гаргаад хотын дүрмийн төслийг боловруулсан компанийн хийсэн ажил болон энэ хүрээнд цаашид хийх ажлын саналыг боловсруулж НИТХ-ын хуралд танилцуулах юм. Холбогдох эцсийн шийдвэрийг бидний танилцуулгад үндэслэн Тэргүүлэгчид гаргана” гэдгийг онцлон дурьдлаа.
Хотын дүрэм, хаягжилтыг судлах ажлын хэсгийн дараагийн хуралдаан 5 сарын 4-ны өдөр хуралдахаар тогтсноор хуралдаан өндөрлөлөө.
Эх сурвалж: citycouncil.mn