С.Амарсайхан: Зуун айлд ил задгай худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагааг таван сардаа багтаан цэгцэл

Өнөөдөр НИТХ-ын дарга С.Амарсайхан, Сүхбаатар дүүргийн 10, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах төвлөрсөн Барилгын материалын зах, худалдааны төвийн асуудлын талаар санал, дүгнэлт, судалгаа, төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгийн дарга Ч.Гантулга “100 айл”-ыг  нүүлгэн шилжүүлэх тухай асуудлаар Нийслэлийн авто зам хөгжлийн газар, НМХГ, Нийслэлийн Ерөнхий Төлөвлөгөөний газар, Нийслэлийн газрын алба, Хотын захирагчийн ажлын албаны төлөөлөлтэй уулзаж үүрэг чиглэл өглөө.

НИТХ-ын дарга С.Амарсайхан “НМХГ ажлаа эрчимжүүж холбогдох байгууллагуудтай ажлын уялдаагаа бий болгож  5-р сард багтаан ил задгай худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагааг нэг мөр цэгцэл. Мөн  үйл ажиллагаагаа явуулж байгаа бүх төрлийн үйлдвэрүүдийн үйл ажиллагааг зөвхөн шаардлага өгөөд зогсохгүй тодорхой үр дүн гаргаж ажилла. Ямар ч цаг үед нөхцөл байдал бүрэн хэмжээнд хэрэгжих  ёстой. Тиймээс шаардлагаа хүргүүлээд хаядаг биш араас нь бүрэн гүйцэд анхаарч хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж ажиллах шаардлагатай байна. Нийслэлийн авто зам хөгжлийн  газар, Ерөнхий төлөвлөгөөний газар, газрын алба нийлээд  авто замын зураг төслөө хийх ажлыг  5-р сарын 15-наас өмнө бэлэн болгох үүрэг өглөө. Үүнд шаардлагатай зөвшөөрөл, бичиг баримтыг газрын алба даруй шийдвэрлэ” гэв.

Зам барих хөрөнгийн асуудлыг бид шийдвэрлэх тал дээр бүх бололцоогоо ашиглаж ажиллана. Тиймээс  7-р сараас өмнө замын ажлыг дуусгахыг зорих болно. Мөн 7 хоног тутам ажлын хэсэг ажил гүйцэтгэл, үр дүнгээ тооцож ажиллаад үйл ажиллагаа явуулж байгаа бизнес эрхлэгчидтэйгээ уулзаж ажлын байрны асуудлуудыг нь хэрхэн зохицуулах асуудалд нухацтай хандаж шийдвэрлэх үүргийг  холбогдох газруудад НИТХ-ын дарга С.Амарсайхан үүрэг болголоо.

ИРГЭД, АЖ АХУЙН НЭГЖҮҮДТЭЙ ОЙЛГОЛЦОЛД ХҮРЧ ХАМТРАН АЖИЛЛАНА

            Нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулахад тулгамдаж байгаа бэрхшээл, гарах арга замуудыг зөвлөлдөж ажлын хэсгийн төлөвлөгөөнд тусгасан хугацааны дагуу зохион байгуулахаар ажиллаж байна. Нийслэлийн газрын албаны өгсөн мэдээллээс харахад өнөөдрийн байдлаар тус хэсэгт 145 хуулийн этгээдээс газраа эзэмшсэн 88, өмчлөх эрхийн гэрчилгээтэй 57 газар байгаа юм. Эдгээрээс гэрээний эрх дууссан иргэд,  ААН-үүдтэй ойлголцолд хүрч дахин төлөвлөлтөд хамрагдах мөн ашиглалтад орох орон сууцанд тухайн иргэд орох боломжтой эсэх талаар судалж зөвшилцөж байгаа гэлээ.

НМХГ-аас өгсөн мэдээллээр СБД-ийн 9-өөс 12-р хороонд 146 газар эзэмшигч байгаагаас 63 нь гэр бүлийн хэрэглээний зориулалтаар газраа эзэмшдэг. Гэвч зориулалтын дагуу бус үйлдвэрлэлийн чиглэлээр ашиглаж байна. Тус бүсэд 2 төрлийн 25 үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг.  Тухайлбал, чулуу, дээврийн төмөр зүсэх зэрэг хориотой болон стандарт зөрчсөн үйлдвэрлэл явуулж байна гэлээ. Ийм төрлийн үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж болон иргэдэд мэдэгдэл өгч үйл ажиллагааг нь зогсоогоод байгаа. Одоогоор 7 үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж байна гэв.

            Нийслэлийн авто зам хөгжлийн газрын өгсөн мэдээллээр 100 айлаас 32-ын тойрог хүртэл 1,6 км авто зам барина. Одоо байгаа замын чанар муудсан зорчих хэсэг нь 10 метр байгаа бол 14 метр болгож өргөсгөнө. Хоёр талдаа тус бүр 3 метрийн явган хүний зам гаргахаар болж өргөтгөл шинэтгэл хийхээр болсон гэв.  Энэ замыг өргөтгөснөөр  нэвтрэх чадвар нэмэгдэж түгжрэл 30-35 хувиар буурна гэж үзэж байгаа юм байна.  Ажлын хэсгийн зорьж байгаагаар наадмаас өмнө шинэ зам тавьна гэж төлөвлөжээ.

НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЭХ АЖИЛ 3 ҮЕ ШАТТАЙ ХЭРЭГЖИНЭ

Ажлын хэсэг нүүлгэн шилжүүлэх ажлыг 2018-2020 онд хийхээр төлөвлөж байна. Үүнд:

1 дүгээр үе шат

  • УБЕГ-ын зарим чиг үүргийг дүүрэг, холбогдох цэгүүдэд шилжүүлэх,
  • Баруун болон хойд чиглэлд барилгын материалын худалдааны шинэ зах нээх ажлыг судлах,
  • Ил задгай хоол хүнс, барилгын материал болон бусад худалдааг зогсоох,
  • Стандартын шаардлага хангахгүй хоолны газар, ТҮЦ, дэлгүүрүүдийг хаах,
  • Чулуу, будаг, төмөр, цонхны болон бусад химийн хортой үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоох, нүүлгэн шилжүүлэх /Налайх дүүрэг/.

2 дугаар үе шат

  • Явган болон автозамын нэвтрэх чадварыг сайжруулж, өргөтгөх /1-2 эгнээгээр нэмэгдүүлэх/,
  • Ерөнхий төлөвлөгөөний дагуу орчны тохижилт, гэрэлтүүлгийг сайжруулах,
  • Дахин төлөвлөлтийн дэд бүтцийг сайжруулж шинэчлэх төлөвлөгөө боловсруулах.

3 дугаар үе шат

  • Шаардлага хангахгүй хуучны барилгуудыг буулгаж Ерөнхий төлөвлөгөөний дагуу барилгажуулах,
  • Шинээр орчин үеийн худалдаа, үйлчилгээний төвүүдийг бий болгох,
  • Сүхбаатар дүүргийн 10, 11, 12 дугаар хороодод дахин төлөвлөлтийн дагуу орон сууц хорооллыг барьж байгуулах юм.

Эх сурвалж: Citycouncil.mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …