Б. Дөлгөөн: Эзэмшсэн мэргэжлээрээ Монголын гадаад худалдааг хөгжүүлэхийг хүсч байна

БНСУ-ын Санмёнг Их сургуульд Олон улсын худалдааны чиглэлээр суралцаж буй Б. Дөлгөөнтэй онлайнаар ярилцлаа. Тэрээр хичээлийнхээ хажуугаар БНСУ-ын 20 гаруй олон ангит кинонд туслах дүрд бүтээсэн юм.

-Сайн байна уу. Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

-Өглөө. Мн сайтын уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Баяраагийн Дөлгөөн гэдэг. Би Сэлэнгэ аймагт төрсөн. Одоо Солонгос Улсад Олон улсын худалдааны чиглэлээр суралцаж байгаа.

-Олон улсын худалдааны чиглэлээр суралцдаг хэрнээ хажуугаар хэд хэдэн кинонд дүр бүтээчихлээ. Солонгосын олон ангит кинонд хэрхэн дүр бүтээсэн бэ? Энэ тухайгаа ярихгүй юу?

-Би хүүхэд байхын урлагийн салбарыг сонирхдог, урлагт хайртай байсан. Сурагч байхдаа SCH телевизийн “Найзуудаа Наашаа” хүүхдийн нэвтрүүлгийг хөтөлдөг байлаа. Мөн “Тэнгэрийн продюсер” киноны сонгон шалгаруултанд орж байсан. Даанч намайг эрлийз царайтай гээд шалгаруулаагүй. Гэхдээ би хүсэл мөрөөдлөө хэзээ ч орхиогүй. Тийм учраас БНСУ-д ирээд 20 гаруй олон кинонд туслах дүр бүтээсэн байна.

-Солонгосын хэн хэн гэдэг алдартнуудтай хамтран дүр бүтээж, рекламанд тоглосон бэ? Энэ талаараа сонирхуулахгүй юу?

-Өсвөр насны охидын шүтэн биширдэг Ли Мин Хо, охидын дуртай EXO хамтлагийн Sehun-тай хамт рекламанд тоглож байсан. Мөн Солонгосын нэртэй жүжигчин Ким Вон Хэ, Lee Jung Gil нартай хамтран олон ангит кинонд тоглосон.

-WOW сурахынхаа хажуугаар кинонд тоглох зав гарч байна уу?

-Одоо бол ямар ч киноны зураг авалтад оролцоогүй л байгаа. Яагаад гэвэл би энэ жил төгсөх курсийн оюутан болохоор дипломын ажил, хичээл гээд л маш зав муутай учраас хичээлдээ голдуу анхаарлаа хандуулж байна.

-Мэргэжлээрээ Монголдоо ирж ажиллах төлөвлөгөө бий юу?

-Миний дипломын сэдэв Монголын нэг компанийн бүтээгдэхүүнийг гадаадад худалдаалах чиглэлээр судалгаа хийж байна. Ер нь цаашдаа Монголынхоо бүтээгдэхүүнүүдийг дэлхийн улс орнуудад худалдаалах хүсэлтэй байдаг. Гэхдээ эхний ээлжинд төгссөн мэргэжлийнхээ дагуу БНСУ-д ажиллаж туршлага хуримтлуулна. Үүний дараа Монголдоо ирж ажиллах төлөвлөгөөтэй л байна.

-Хүсэл зорилго гэснээс өөрийнхөө мөрөөдлөөс бидэнд хуваалцана уу?

– Сургуулиа төгсөөд төгссөн мэргэжлээрээ ажиллаж Монголынхоо гадаад худалдааг хөгжүүлэх хүсэлтэй байна. Үүний хажуугаар мэдээж урлагийн салбарыг орхихгүй. Би багаасаа урлагийн хүн болон гэж мөрөөдөж байсан. Энэ мөрөөдлөө хэзээ ч орхихгүй.

-БНСУ-д суралцаад хажуугаар нь кинонд тоглоод амжсан чиний зүгээс тус улсад суралцах хүсэлтэй залуустаа юу гэж зөвлөмөөр байна вэ?

– Солонгос Улс их сайхан улс. Сурахынхаа хажуугаар ажил хийж өөрийн хэрэгцээний болон сургуулийнхаа төлбөрийг төлөөд болж л байна. Эхний нэгээс хоёр жил хэцүү л байсан. Гэхдээ дасаад ирэхээр болдог л юм. Хүний газар байгаа болохоор Монгол гэсэн нэрээ бодож амьдардаг. Мэдээж суралцахаар ирж байгаа хүмүүст эх орныхоо нэрийг бодож л хичээгээрэй гэж зөвлөмөөр л байна

-Гэрээ санаж байна уу? Хэзээ хамгийн сүүлд Монголдоо ирсэн бэ?

– Өнгөрсөн зун гэртээ харьчхаад ирсэн. Гэрээ мэдээж саналгүй л яахав. Аав ээж, дүү нарыгаа л маш их санаж байна.

Ярилцсанд баярлалаа. Сурлагын өндөр амжилт хүсье.

Г.Нараа

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …