НИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж байна. Хурлаар Соёлын үйлдвэрлэл дэд хөтөлбөр батлах тухай, барилга бүртгэлээс хасаж шүүхийн шийдвэрийн дагуу “Үндэсний оюу” хоршоонд шилжүүлэх тухай, Хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах тухай зэрэг 5 асуудал хэлэлцэх юм. Хуралдааны эхэнд Нийслэлийн Газрын алба мэдээлэл хийлээ.
НГА нь иргэн хуулийн этгээд нийт 46 нэр төрлийн үйлчилгээг үзүүлж байгаа бөгөөд Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүдээр 25 нэр төрлийн үйлчилгээ үзүүлдэг. 2017 оны хувьд нийт 55764 албан бичиг, өргөдөл гомдол хүлээн авснаас 20815 албан бичиг, 34949 өргөдөл, гомдлыг тус тус хүвээн авч шийдвэрлэсэн гэлээ. Одоогийн байдлаар Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу орон сууцны орчны хорооллын барилгуудын болон сургууль, цэцэрлэгийн эдэлбэр газар, тэргээрийн орчны 50 метр хүртэлх зайд газар эзэмших, ашиглах эрх олгох үйл ажиллаг бүрэн зогсоосон байна. Иргэд оршин суугчдаас орон сууцны орчны газарт барилгын ажил эхлүүлэх гэж байгаа талаар гомдлууд ихээр ирж байгааг судалж хуульд заасан үндэслэлээр хүчингүй болгох ажлууд үргэлжлэн хийгдэж байгаа аж.
Нийслэлийн хэмжээнд 2003-2018 оны хооронд нийслэлийн Засаг даргын 160 удаагийн захирамжаар нийт 192138 иргэнд 10101,8 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлсэн байна. Үүнээс гэр хорооллын суурьшлын бүсэд 119837 иргэнд 6450 га газрыг буюу эзэмшиж буй газрыг нь өмчлүүлсэн. Нийслэлийн ногоон бүсэд 1001 иргэнд 61,1 га газрыг буюу зуслангийн зориулалтаар газар эзэмшиж буй иргэдэд газрыг нь өмчлүүлсэн. Илүү талбайгаа үнээр авсан 503 иргэний 1,3 га газрыг 147,7 сая төгрөгөөр өмчлүүлжээ. 2018 онд нийт 1844 иргэнд 101,5 га газрыг өмчлүүлсэн гэсэн мэдээллийг НГА-ны дарга өглөө. Энэ мэдээлэлтэй холбогдуулан НИТХ-ын Тэргүүлэгчид, “Газар өмчлөл, эзэмших эрхийн асуудал гомдол дагуулсаар байна. Ялангуяа цахим газар олголтын асуудал иргэдийг нэлээд бухимдуулж, ашиглах боломжгүй газрууд олгосон, мөн иргэд өмчилсөн газар дээрээ хотын төлөвлөлттэй уялдаагүй барилга байшин барьж зам, гарц хаадаг эдгээр асуудлуудыг яаж шийдвэрлэх вэ” гэсэн асуултуудыг тавилаа.
Эдгээр асуудлуудыг шийдвэрлэсээр байгаа. Өмнөх шийдвэрүүдэд ч мөн буруутай зүйл олон байсан. Харин энэ асуудлуудыг аль болох иргэдийн эрх ашигт нийцсэн байдалтайгаар шийдвэрлээд явж байгаа гэсэн хариулт өгөв.
Цахим өмчлөлийн хувьд газраа хүлээн зөвшөөрөхгүй, өмчлөх хүсэлгүй иргэдийн хүсэлтийг хүлээн авч өөр газарт өмчлөх эрхийг нээлттэй үлдээж байгаа гэв.
Мэдээллийн төгсгөлд Нийслэлийн газрын албатай холбогдуулан Тэргүүлэгчид санал хэллээ. Давхардсан газар олголт зэрэг асуудлуудаа санаачлагатай ажиллаж шийдвэрлэх хэрэгтэй байна. Мөн дүүргүүдэд эхлүүлсэн газрын харилцааны талаарх хэлэлцүүлэгээ тогтмол зохион байгуулах шаардлагатай байна. Мөн иргэдэд илүү нээлттэй ажиллахад анхаарах шаардлагатай гэдгийг анхааруулав.
Санал үргэлжилж байна.
НИТХ-ын ХМОНХХ