Татвар төлөгч зарим компаниар аялсан нь

Монгол Улсын Татварын ерөнхий газраас жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэ өдрүүдэд улс, орны хөгжилд хувь нэмрээ оруулж, хуульд заасан үүргээ биелүүлж буй татвар төлөгчиддөө талархал илэрхийлж байна.

Энэ өдрүүдийн хүрээнд өнөөдөр ТЕГ-ын Төрийн захиргааны удирдлагын газар, Татвар төлөгчтэй харилцах газар хамтран “Сэтгүүлчдийн автобустай аялал”-ыг зохион байгууллаа.

Уг аялалд ТЕГ-ын Татвар төлөгчтэй харилцах газрын дарга Д.Цогзолмаа, Нийслэлийн татварын газрын дарга Д.Мөнх-Учрал, дүүргийн Татварын хэлтсийн дарга нар болон сэтгүүлч, зураглаачид оролцож, үндэсний үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаатай танилцав.

Хамгийн түрүүнд үндэсний үйлдвэрлэгч “Тэсо” корпорацийн “Милко” хуурай сүүний үйлдвэртэй танилцсан бөгөөд аяллын бүрэлдэхүүнийг “Тэсо” корпорацийн дэд захирал Б.Алтангэрэл захирлуудынхаа хамт хүлээн авч, үйлдвэрийн үйл ажиллагааг танилцуулав.

Тэрбээр “Үйлдвэрийн үйл ажиллагааны процессыг олон нийтэд ил тод байлгах үүднээс үйлдвэр танилцуулах хөтөлбөрийг хүүхэд багачууд, үйлдвэрлэлийн чиглэлээр суралцдаг оюутнууд, хэрэглэгч, харилцагч болон мэргэжлийн байгууллага зэрэг бүхий л хүмүүст танилцуулахыг зорьдог. Учир нь иргэдийн хэрэглэж буй бүтээгдэхүүнийг түүхий эд бэлтгэн нийлүүлэхээс гадна ямар дамжлага дамжин эцсийн бүтээгдэхүүн бий болж байгааг харуулах, бодит мэдээлэл өгөх зорилгыг агуулдаг” хэмээгээд ТЕГ-аас зохион байгуулж буй “Татвар төлөгчдийн өдрүүд”-ээр татварын албаныхан болон сэтгүүлчдийг хүрэлцэн ирсэнд талархаж байгаагаа дуулгалаа.

Энэ удаагийн “Сэтгүүлчдийн автобустай аялал”-ын дараагийн очсон газар “Эрэл” группын Байшин үйлдвэрлэх комбинат байлаа. Тус группын ерөнхийлөгч Б.Эрдэнэбат аяллын бүрэлдэхүүнийг хүлээн авч, саяхан “Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ” хүртсэн “Эрэл” группын Байшин үйлдвэрлэх комбинатыг танилцууллаа. Тэрбээр “Богино хугацаанд иргэдийг хямд өртгөөр орон сууцжуулах төслийг амжилттай хэрэгжүүлж, үйлдвэрлэлээ нээсэн. Энэ бол өнөөдрийн тулгамдсан асуудлыг шийдэх маш том төсөл болсон. Бидний үйл ажиллагаатай танилцахаар ирсэн Татварын албаныхан болоод сэтгүүлчдэд талархаж байна” гэсэн юм.

Аялал маань цааш үргэлжилж, аялалд оролцсон бүрэлдэхүүн “Грийн сити гарден” компанийн “Мөнх зун” хүлэмжид зочиллоо. Тус компанийн захирал Ж.Эрхэмбаяр хүлэмжээ танилцуулав. Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Европ стандартаар баригдсан өвлийн бүрэн автомат шилэн хүлэмж олны анхаарлыг татаж байв. Өргөст хэмх, улаан лоолийн ургацаа долоо хоногт хоёр удаа хураадаг, хүйтний нөхцөлд тарих боломжтой, бүтэн жилийн турш ургац хурааж авах боломжтой энэхүү хүлэмжийн үйл ажиллагааг танилцуулахын зэрэгцээ татвар төлөгчдийнхөө үйл ажиллагаатай газар дээр нь очиж, танилцаж байгаа Татварын албаныхан болон хэвлэлийнхэнд талархлаа илэрхийлэв.

Ийнхүү “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийн хүрээнд зохион байгуулсан “Сэтгүүлчдийн автобустай аялал” маань бүтэн өдрийн турш үргэлжилж, амжилттай болж өндөрлөлөө.

Э.Энхцэцэг

 

Санал болгох мэдээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга …