Засгийн газрын ээлжит хуралдаан 2013 оны 09 дүгээр сарын 28-ны бямба гаригт болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Энэ хуралдаанаар хэлэлцсэн гол асуудал нь 2014 оны Төсвийн төслийн тухай байлаа. Төсвийг ирэх долоо хоногт үргэлжлүүлэн хэлэлцэхээр боллоо.
Хагас коксжсон шахмал түлш үйлдвэрлэх төслийн явцын талаар мэдээлэл сонслоо
“ДЦС-2” ТӨХК-ийг түшиглэн жилд 210 мянган тн хагас коксжсон шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадал бүхий цогцолбор байгуулах төслийн талаар Уул уурхайн сайд Д.Ганхуяг Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Төслийн хүрээнд шинэчлэгдсэн БЗК-75 зуухны үнс, шороо зайлуулах хэсгийн техник, технологийн өөрчлөлтийн ажлын үргэлжлүүлэх хугацааг нэг сараар сунгаж, явцын талаарх үр дүнг Засгийн газарт танилцуулж байхыг Уул уурхай болон Эрчим хүчний сайд нарт даалгалаа.
Хөдөлмөрийн зах зээлд үнэлгээ хийнэ
Хөдөлмөрийн зах зээлийн төлөв байдалд үнэлгээ хийж, учирч буй саад бэрхшээлүүдийг тодорхойлох, тэдгээрийг даван гарах санал боловсруулах зорилгоор Монгол Улсын Хөдөлмөрийн яам болон АНУ-ын РАНД корпорацитай хамтран ажиллах тухай гэрээнд гарын үсэг зурах эрхийг Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавт олголоо.
Засгийн газар ажилгүйдлийг бууруулж, одоогийн болон ирээдүйн ажиллах хүчний бүтээмжийг сайжруулах, 2016 он гэхэд 150 мянган ажлын байр бий болгох зэрэг ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд энэ төслийн хүрээнд Монголын хөдөлмөрийн зах зээлийг судалж үзсэнээр бүтцийн сул талуудыг тодорхойлох, зорилтод судалгаа хийх, судалгааны үр дүнд үндэслэн бодлогын санал зөвлөмж боловсруулах зэрэг ажлыг хийх юм байна.
Товчхон
- Улаанбаатар хотноо өнгөрсөн сард зохион байгуулагдсан Монгол Улс, Европийн Холбооны хамтын ажиллагааны хамтарсан хорооны XV хуралдааны дүнг сайшааж, уг хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталж хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга бөгөөд тус хамтарсан хорооны Монголын хэсгийн дарга Ч.Сайханбилэгт даалгалаа.
- Бүгд Найрамдах Франц Улсын Парис хотод зохион байгуулагдсан Хамтын ажиллагааны Монгол, Францын Засгийн газар хоорондоо ажлын хэсгийн анхдугаар хуралдааны дүнг хэлэлцэж, хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд тус ажлын хэсгийн Монголын хэсгийн дарга Г.Цогтсайханд даалгалаа.
- Мөнгөн усны тухай Минаматагийн конвенцийн эх бичвэрт гарын үсэг зурах тухай асуудлыг хэлэлцээд УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвшилцсөний дараа гарын үсэг зурах эрх олгохоор боллоо