Улаанбаатар, Ханой хотын хооронд найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай “Санамж бичиг” байгуулсантай холбогдуулан Ханой хотын Намын хорооны дэд дарга Дао Дук Тон тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчилж буй юм. Айлчлалын хүрээнд Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны дэд дарга С.Мөнхчулуун Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын /БНСВУ/-ын нийслэл Ханой хотын Намын хорооны дэд дарга Дао Дук Тон тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтад Нийслэлийн МАН-ын хорооны Хэрэг эрхлэх газрын дарга Б.Мөнхжаргал, БНСВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Доан Тхи Хыөнг, Ханой хотын Ардын хорооны гишүүн, Нийгмийн хөдөлгөөний хорооны дарга Нгуен дан Хонг, Ханой хотын Ардын хорооны дэд дарга Нгуен Доан Тон, Намын хорооны Зохион байгуулалтын зөвлөлийн дэд дарга Дунг Хой Нам, Хяналтын хорооны дэд дарга Нгуен Ди Хонг болон бусад албаныхан оролцов.
Энэхүү уулзалтын үеэр Улаанбаатар болон Ханой хотуудын аялал жуулчлал, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Мөн энэ үеэр БНСВУ-ын Ханой хотын намын хороо болон нийслэлийн МАН-ын хорооны уламжлалт найрсаг харилцаа, эв нэгдэл, хамтын ажиллагаа нь хоёр орны харилцааг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж ирснийг талууд онцолсон юм. Ханой хотын Намын хорооны дэд дарга Дао Дык Тоан “Хоёр хотын харилцаа боловсрол, соёл урлаг, аялал жуулчлал төдийгүй эдийн засгийн салбарт хамтран ажиллах бүрэн боломжтой гэж үзэж байна” хэмээв.
Улаанбаатар, Ханой хот анх 1998 онд харилцаа тогтоон 1998 онд найрсаг харилцаа, хамтын ажиллагааны “Санамж бичиг” байгуулж байжээ. Энэ онд Монгол, Вьетнам Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 64 Улаанбаатар, Ханой хотуудын хооронд найрамдалт харилцаа тогтоосны 20 жилийн ой тохиож буй юм.