“Алтан Хальс Индепендент Кино Наадам” ирэх сарын 2-8-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болох гэж байна. Тус кино наадмыг зургаа дахь жилдээ Алтан хальс ТББ-аас зохион байгуулж байгаа бөгөөд олон улсын шилдэг бүрэн хэмжээний уран сайхны кинонуудыг толилуулах юм байна.
Энэ жилийн кино наадамд АНУ-ын найруулагч Оскарт нэр дэвшигч Жордан Робертс, Берлиний кино наадмын шагналт Германы найруулагч Юлиан Радлмайер, Канадын кино найруулагч Кэрол Нюэн, БНХАУ-ын ӨМӨЗО–ны найруулагч Дархад Эрдэнэбулаг, Австралийн Брисбейний олон улсын кино наадмын захирал Максин Уильямсон, Английн Кэмбриджийн кино наадмын продюсер Бернадетт Шрамм, Өмнөд Солонгосын Бусаны олон улсын кино наадмын Азийг хариуцсан хөтөлбөр боловсруулагч Ким Ён Ү нар оролцож киногоо толилуулан, шүүгчээр ажиллахаар болжээ.
Кино наадмын төгсгөлд шүүгчдийн багийн эцсийн шийдвэрийг олон нийтэд зарлан шагнал гардуулах юм байна. Кино наадмын дээд шагнал “Алтан хальс” цомыг 2,000,000 төгрөг дагалдана. Уг шагналыг уралдаанд өрсөлдсөн гадаад, монгол бүтээлүүдээс хамгийн өндөр үнэлгээ авсан кинонд олгох юм. Түүнчлэн хүүрнэлт кино, хүүхэлдэйн кино, баримтат кино болон эскперименталь кино гэсэн дөрвөн төрлийн шилдгийг тодруулж тус тус 500,000 төгрөгөөр шагнах юм байна.
Шагналт монгол бүтээлүүдэд Америкийн томоохон кино наадмын нэг Афины кино наадмын (Academy Award® Qualifying Festival) сонголтын хороонд толилуулах эрх олгодог. Афины кино наадмын шилдгээр шалгарсан бүтээл Америкийн кино академийн дээд шагналд (Оскар) өрсөлдөх эрхтэй болох аж.