Өнөөдөр аргын тооллын 2018 оны тавдугаар сарын 17. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Зуны тэргүүн улаагчин могой сарын 2. Бархасвадь гараг. Гөрөөсөн толгой одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, шарагчин тахиа өдөр.
Барилдлага: Хотол чуулган
Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
Суудал: Шороо
Өдрийн наран 5 цаг 13 минутад мандан, 20 цаг 25 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лусыг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.