УИХ-ын гишүүн асан, АН дахь жигүүрийн зохицуулах зөвлөлийн гишүүн А.Мураттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Намын жирийн гишүүд хэдэн хүнийг даргын албан тушаалтай болгоно гэж сонгоогүй гэсэн шүүмжлэлийг хэлж байгаа. Үүнээс гадна намын мөрийн хөтөлбөр хэрэгжихгүй. Доод шатнаасаа эхлээд байна. Намын нэрээр гарч ирсэн нэг сумын Засаг дарга, удирдах албан тушаалтан нь нөгөө мөрийн хөтөлбөрөө сейфинд хийгээд мартчихсан. Энэ асуудлын талаар манай жигүүр байгуулагдсанаас хойш гишүүд үргэлж хэлж сануулж байна.АН-д хэд, хэдэн фракц байгааг хүн бүхэн мэднэ. Гэтэл тэр фракцас хүн гарч, орж болохгүй, хар түгжээ зүүчихсэн. Цөөн хүрээнд асуудлын шийддэг болоод удаж байна. 1996-2000 оны алдааг битгий давтаарай гэдгийг намын жирийн гишүүд хэлж байгаа ч тэд нөгөө фракц, даргын үгнээс гарч чадахгүй байдаг нь хэвээрээ.
Тиймээс манай жигүүрийн хамгийн гол асуудал нь үлдсэн гурван жилд ард түмэндээ хандсан ажил хийж, мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарчим барьж ажиллана. Гэрээ засаад төрөө зас гэдэг шиг бид өнөөдөр намаа засаад төрөө засах чиглэл рүү явна.
-Тэгэхээр АН мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж чадахгүй, унтаа байдалд орсон гэж хэлэх гээд байна уу?
-Хуулиараа аливаа улс төрийн хүчин дүрэмтэй байж, түүнийгээ Улсын дээд шүүхэд бүртгүүлж үйл ажиллагаа явуулах эрх авдаг. Тэгэхээр бид хуулиа мөрдүүлье. Өөрөөр хэлбэл, АН дээд шүүхэд бүртгүүлчихээд өөрийн дүрмээ сахихгүй бол өөрөө хууль бус үйл ажиллагаа явуулсантай агаар нэг болж байгаа юм. Дүрэм яагаад хэрэгжихгүй байгаа шалтгаан нь хувь хүний эрх ашгийн зөрчлөөс болж байна. Яагаад гэхээр хэдхэн хүний хайрцагны бодлогоор асуудлаа шийдвэрлэдэг.
Өнөөдөр Үндэсний зөвлөлдөх хороо гэж гишүүдээсээ тасарчихсан байгууллага байдаг. Тэр нь хэдэн дарга нарын хайрцаганд орж, цаашлаад намын бүх шатны сонгуульд оролцсон жирийн гишүүд төр засгийн үйл ажиллагаанд үгээ хүргэх, санаа бодлоо хэлэх зүйл алга боллоо. МАН-ын гол алдаа нь энэ байсан. Нэг үгээр хэлбэл, хэдэн дарга нар асуудлыг шийдэж, бусад гишүүд нь хаягдсанаас болж МАН өнөөдөр намаа шинэчлэх зүйл ярьж байна. Харин бидний хувьд АН, МАН-ын араас битгий ороосой гэж үзэж, жигүүрийнхээ гол зорилгын нэг болгож байгаа. Монголын ард түмнийг сонголтгүй байлгаж болохгүй. Монгол Улсын нийгэм, эдийн засгийг тодорхойлж буй энэ хоёр нам нэг нэгнээсээ ялгарахгүй, дээрдэж байгаа юм алга гэдгээс урьдчилан сэргийлж, АН орчин үеийн шинэ, жинхэнэ ардчилсан үзэлтэй байлгахын төлөө бид тэмцэнэ.
-АН дахь олон фракцуудаас энэ жигүүр юугаараа ялгарах юм бэ?
-Манай жигүүрт бүх фракцйн төлөөлөл бий. Ямар ч гишүүн энэ жигүүрт нэгдэх, оролцох боломжтой. фракц гэхээр хуучин, хайрцлагдмал хэлбэл рүүгээ орох гээд байгаа болохоор жигүүр байгуулсан. Манай жигүүр дарга нарын хайрцгаас жирийн гишүүдээ гаргаж, намыг амьд байлгах, мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглэж ажиллана. Өнөөдөр манай намын аппарат хэвлэл мэдээллийн тойм хийхээс өөр зүйл хийхгүй, намын мөрийн хөтөлбөрөө мартчихсан сууж байна. Гэтэл энэ дөрвөн жилд мөрийн хөтөлбөрөө зүйл заалт бүрээр нь ягштал биелүүлэх хэрэгтэй.
-Энэ жигүүрт УИХ-ын гишүүдээс байгаа юу. Хэчнээн хүн байна вэ?
-УИХ-ын гишүүн Р.Амаржаргал ирж, бидэнтэй уулзаж, санал солилцож, дэмжихээ илэрхийлсэн. Үүнээс гадна Ж.Батзандан гишүүнтэй бид уулзсан. АН-аас сонгогдсон УИХ-ын гишүүд дотор маш шударга хүмүүс бий. Харин фракцйн хайрцагнаас айгаад байдаг юм болов уу гэх бодол төрсөн. Тийм учраас бид улс орон даяар бүх намын гишүүдтэй уулзалт зохион байгуулахаар төлөвлөөд байна. Одоогоор манай жигүүрийн зохицуулах зөвлөлд 15 хүн байна. Биднийг АН доторхи сөрөг хүчин гэж хэлж байгаа нэг хэсэг байгаа. Гэтэл бид тийм хүмүүс биш. Харин намын гишүүний хувьд энэ намыг зөв замаар явуулах гэсэн олон мянган гишүүний нэг. Өөрөөр хэлбэл, намаа дүрэмтэй болгосноор ирэх сонгуульд оролцох нүүртэй болно гэсэн үг.
-Та бүхнийг жигүүр байгуулж, албан тушаал горилж байгаа гэж ярих юм?
-Биднийг янз бүрээр ярьж байна. Албан тушаал горилогсод гэх мэтээр хэлж байгаа. Тэгвэл энд нэг зүйлийг хэлмээр байна. Уучлаарай энэ хорвоод дарга гэдэг ажлаас өөр хийх ажил их бий. Эмч, багш, цагдаа гэх мэт. Тийм болохоор үүнийг зүгээр нэг явуургүй, мушгин гуйвуулах үйл ажиллагаа л гэж бодож байна. Энд албан тушаалын зүйл огт яригдахгүй. Харин намын үйл ажиллагааг идэвхжүүлэх, сайжруулах, цус сэлбэлт хийх, дүрмээ мөрдөх тийм л зүйлийг хийхээр жигүүр байгуулсан.
-Шинэчлэлийн Засгийн газар олон ажлыг эхлүүлж, хийж байна шүү дээ. Тэр бүхэнд ямар дүн тавив?
-Энэ Засгийн газар олон зүйл хийхээр эрмэлзэж байна. Ер нь 10 хүн хамт сууж байгаад шийдвэр гаргах, нэг хүний шийдвэр гарах өөр шүү дээ. Тэгэхээр олон зүйл дээр алдаа байгааг хэлэх гэсэн санаа. Гишүүдийн оролцоо, намын масс, иргэдийн санал санаачлагыг оруулж байж, шийдвэр гаргавал арай оновчтой болно. Нам энэ байдлаараа явах юм бол гурван жилийн дараа хүнд байдалд орно. Харин намаа нээлттэй, алдаагаа засч залруулах ажилд эгэл жирийн гишүүдийн оролцуулах нь чухал.
-Та бүхэнд жигүүр байгууллаа хэмээн ямар нэгэн байдлаар дарамт шахалт ирж байна уу?
-Намын дүрэмд, намын гишүүд эвлэлдэн нэгдэж, тодорхой бүлэг, фракц, жигүүр байгуулах эрх нь нээлттэй. Олон мянган жирийн гишүүн байхад бидний дуу хоолой бүдгэрэхгүй. Дарамт болгоныг дурьдаад юу гэхэв. Ирэхийг үгүйсгэхгүй. Гэхдээ бид үгээ хаана ч гэсэн хэлнэ. АН-ын хүнд хүчир ажлыг хийж байсан хүмүүс жигүүрт байна. Бид дуу хоолойгоо нэгтгэж, үйл ажиллагаа идэвхжүүлнэ.
Э.Пагма