УИХ-ын гишүүн С.Бямбацогттой ярилцлаа.
-Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барихаар хэлэлцүүлж байна. Яг ямар өөрчлөлт оруулахаар болж байгаа вэ?
-Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль 1997 онд батлагдсан. Энэ хуулийг хэт ерөнхий, тунхагийн шинжтэй, зөвхөн ил үйлдэгддэг гэмт хэргээс л урьдчилан сэргийлэх агуулгатай, цаг үеэсээ хоцрогдсон гэсэн шүүмжлэл нийгэмд их байдаг. Тэгвэл Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төсөлд зөрчлөөс урьдчилан сэргийлэх асуудлыг нэмж агуулгыг илүү өргөжүүлсэн. Сүүлийн арван жилд гэмт хэргийн тоо тогтмол өссөн. Гэмт хэргийн улмаас олон хүн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч байна. Өчнөөн айлын элэг бүтэн амьдрал сүйрч, төчнөөн олон хүн гаслан зовлонд унаж буй. Эдийн засгийн талаас нь авч үзэхэд гэмт хэргийн улмаас жилд 200 шахам тэрбум төгрөгийн хохирол иргэдэд учирч байна. Ийм байхад гэмт хэрэг зөрчлийг зөвхөн гарсан хойно нь “гал унтраах”, илрүүлэх, гэмт этгээдэд ял шийтгэл оногдуулахад анхаарал хандуулж, урьдчилан сэргийлэх ажлыг орхигдуулах нь үнэхээр тэнэг хэрэг болно. Дээрээс чулуу унаж буйг мэдсэн атлаа зайлж бултах биш “…за яахав толгой хагалчихсан хойно нь бооё, хэн унагав гэдгийг дараа нь олж мэдье…” гэсэнтэй л адил юм болно шүү дээ. Тэгэхээр гэмт хэрэгтэй тэмцэх ажлын гол цөм нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил болж таарч байгаа биз. Зөрчлөөс урьдчилан сэргийлэх гэдгийг нэмж тодотгосон нь ч тохиолдлын хэрэг биш. Зөрчил даамжирвал, давтагдсаар байвал гэмт хэрэг болдог. “Хуурсаар хуурсаар худалч, хумсалсаар хумсалсаар хулгайч” гэдэг шиг өнөөдөр зөрчил гаргасан этгээдийг өөгшүүлвэл ирээдүйн гэмт хэрэгтний толгойг илж байна л гэсэн үг.
Гэмт хэрэг зөрчилтэй уриа тунхагийн байдлаар тэмцээд үр дүнд хүрэхгүй нь ойлгомжтой. Бас урьдчилан сэргийлэх ажилд ач холбогдол өгөхгүйгээр урагшаа гишгэхгүй гэдэг нь ч харагдсан. Тийм ч учраас би Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байхдаа Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийг дахин сэргээн байгуулсан. Одоо харин энэ хуулиар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл болон хууль сахиулагчдад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулах эрх зүйн орчныг нь бүрдүүлж өгч байна. Морио чөдөрлөчихөөд ташуурдаад байвал хол явахгүй.
-Хуулийн төсөл өргөн баригдаад батлагдлаа гэхэд хууль эрх зүйн орчинд ямар ахиц гарах бол?
-Өнгөрсөн хугацаанд Эрүүгийн хууль тогтоомж бүрэн шинэчлэгдсэн. Зөрчлийн болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль ч батлагдсан. Энэ бүхэн бол Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төсөл боловсруулах бас нэгэн практик шаардлага мөн үү гэвэл мөн. Төрийн үндсэн чиг үүрэг бол иргэдийнхээ эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг аливаа хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлж хамгаалахад оршдог. Хөндөгдсөн эрхийг нь сэргээн эдлүүлэх, зөрчсөн этгээдэд хариуцлага хүлээлгэх замаар л нийгэмд шударга ёс, дэг журам тогтдог. “…Үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журмыг хангах нь төрийн үүрэг мөн” гээд Үндсэн хуульдаа заачихсан. Хуулийн төсөлд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийн хүрээг нарийвчилсан. Үүнд Үндсэн хуулиас авахуулаад Эрүү, Зөрчил, авлига, хүчирхийлэл, мөнгө угаах, хүүхэд хамгаалалтай холбоотой гээд нийтдээ 20 гаруй хууль Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төсөлтэй уялдаж байгаа. Нэг ёсондоо энэ хууль дээрх бүх хууль тогтоомжид заасан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх асуудлыг уялдуулан зохицуулсан ерөнхий хууль нь болж таарч байгаа юм.
-Уг хуулийн төсөл Эрүүгийн болон Зөрчлийн хуультай хэр нийцэж байгаа вэ?
-Мэдээж нийцэлгүй яахав. Гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх ажлын хамгийн гол цөм нь урьдчилан сэргийлэх явдал гэж би дээр хэлсэн. Тэгвэл урьдчилан сэргийлэх ажлын нэг бүрэлдэхүүн хэсэг нь өөрөө гэмт хэрэг, зөрчлийн илрүүлэлт сайн байж, буруутай этгээдэд ял шийтгэл оногдуулах явдал мөн шүү дээ. Энэ ажлын үр дүн сайн байх нь дараагийн эрсдэлийг давхар бууруулж байдаг. Хулгай хийвэл илрүүлчихдэг юм байна, хүн дээрэмдвэл олоод шийтгэдэг юм байна гэх дохиог эргүүлээд нийгэмд өгдөг гэх утгаараа тэр. Харин гэмт хэрэгтэй тэмцэх ажил нэг л эрч муутай, бүтэлгүй яваад байвал гэмт этгээдүүд дахин давтан гэмт хэрэг үйлдэх, үл бүтэх нөхдийн санаа сэдлийг өдөөх аюултай. Тийм болохоор мөрдөн шалгах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа бол гэмт явдлыг хөтөлгөө морьтой байж хөөж гүйцэж, аюул эрсдэлээс хамгаална гэдгийг л харуулаад байгаа юм. Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төсөл гэмт явдлын шалтгаан нөхцөлийг шинжлэх ухааны үндэслэлтэй судлах эрх зүйн орчинг шинэчлэн бүрдүүлж байна гэдгээрээ онцлогтой. Нөгөө талаар урьдчилан сэргийлэх нэгдсэн бодлого төлөвлөгөөтэй, төр, хувийн хэвшил, иргэдийн оролцоотойгоор гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хийнэ гэдгийг тодотгосон. Гэмт хэрэг зөрчил үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх, түүнд өртөхөөс урьдчилан сэргийлэх, үйлдэгдэх орчин нөхцөл үүсэхээс урьдчилан сэргийлэх гэсэн гурамсан холбоог энэ хуулийн төсөлд зохицуулж, Эрүү болон Зөрчлийн хуультайгаа илүү уяж өгсөн гэдгийг хэлэх байна.
-Манайх хууль батлаад байдаг. Гэвч хуулийн хэрэгжилтийг хангахад төсөв шаардлагатай болдог. Уг хуулийг хэрэгжүүлэхэд санхүүжилт хэр хэрэгтэй вэ?
-Наадах чинь их чухал асуудал. Өнөөдрийг хүртэл гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын санхүүжилтийг зөвхөн хэв журмын болон замын хөдөлгөөний зөрчлийн торгуулийн 40 хувиар санхүүжүүлж ирсэн. Архидан согтуурахтай тэмцэх ажилд архины онцгой албан татварын орлогын тодорхой хувийг зарцуулах шинжтэй. Энэ бүгд нийлээд улсын хэмжээнд нэг тэрбум орчим төгрөг л болдог. Нийслэл хот, 21 аймаг, 330 суманд үүнийг хуваагаад үзэхээр, улсын хэмжээнд урьдчилан сэргийлэх ажилд зарцуулна гэвэл хаанаа ч хүрэхгүй шүү дээ. Тийм болохоор хуулийн хэрэгжилтийн хүчин чадлыг өндөр байлгахын тулд санхүүжилтийн асуудлыг зайлшгүй авч үзэх ёстой. Айлаар жишээлэхэд авдрандаа ганц цоож хийхгүй байж, хашаандаа ганц камер тавихгүй байж гэр орондоо юм хураагаад ер нь яах вэ дээ. Нийгмээ айдас түгшүүргүй, нийтээрээ амгалан тайван байхыг хүсч л байгаа юм бол гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг гар хоосон хэдэн цагдаа, ганц улаан мөнгөгүй хууль сахиулагчиддаа найдаад орхих нь ёстой бэртэгчин явдал болно. Тийм учраас бид хуулийн төсөлд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын санхүүжилтийг нийт зөрчлийн торгуулийн 40 хувь гэж өргөтгөж оруулсан.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу