Сүхбаатар дүүргийн 9,10,11 дүгээр хороо буюу 100 айлын барилгын материалын захыг нүүлгэн шилжүүлэх ажлыг судлан хэрэгжүүлэх НИТХ–ын төлөөлөгч Ч.Гантулгаар ахлуулсан ажлын хэсгийн ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанд НИТХ–ын дарга С.Амарсайхан, Засаг дарга болон орлогч дарга нар, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра, Улаанбаатар хотын ерөнхий архитектор Э.Анар нарын хүмүүс оролцлоо.
Ажлын хэсгийн хуралдаанаар хамгийн түрүүнд 100 айл орчмын нутаг дэвсгэрт худалдаа эрхэлж буй хашааны төмөр, чулуу, будаг, цонх, хаалганы үйлдвэрүүдийн газрыг шийдэх замаар нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах тухай дүүргүүдийн төлөөлөгчдөд үүрэг өгсөн.
Гэсэн ч дүүрэг тус бүрт үйлдвэрлэл явуулах газар байхгүй гэдгийг дүүргийн удирдлагууд хэлсэн юм. Тиймээс 100 айлын үйлдвэрүүдийг Налайх дүүрэгт нүүлгэн цогц үйлдвэр “IT PARK” нээх ажлыг эхлүүллээ. Налайхад баригдах цогц үйлдвэрийн зураг төслийг гаргахыг Улаанбаатар хотын ерөнхий архитектор Э.Анарт үүрэг болголоо.
Мөн 100 айл орчмын авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөж, дугуйн замтай олон улсын шаардлага хангасан замаар сольж тэр орчмын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах юм. Тиймээс авто замын зураг төсөл гаргах үүргийг Нийслэлийн Авто замын газрын дарга Б.Индрад өгөв.
Ирэх есдүгээр сарын нэгнээс өмнө 100 айлд үйл ажиллагаа явуулж буй үйлдвэрүүдийг бүрэн нүүлгэж тэр орчмын газрыг чөлөөлөхийг МХЕГ-т үрэгдлээ.
НИТХ-ын ХМОНХТ