Ч.Раднаабазар: Налайх дүүрэгт энэ онд дөрвөн цэцэрлэг, хоёр сургуулийн өргөтгөлийн ажлыг эхлүүлнэ

Удахгүй тохиох олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Налайх  дүүргийн ЗДТГ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсээс хамтран “Хүүхдээ сонсъё” уулзалт, арга хэмжээг зохион байгууллаа.

Уулзалтад Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, дүүргийн Эдийн засаг, нийгмийн чиглэлийн төсөл хөтөлбөрүүдийн удирдагч бөгөөд Засаг даргын орлогч, Налайх дүүргийн Хүүхдийн элч Х.Анхбаяр, Налайх дүүргийн Хүүхдийн элч Б.Тэлмүүн болон хороо, байгууллагуудын удирдлагууд оролцож, уулзалтад ирсэн хүүхдүүдийнхээ санал хүсэлтийг сонсон, сонирхсон асуултад хариулт өглөө.

Налайх дүүргийн ерөнхий боловсролын зургаан сургуулийн 40 гаруй сурагч хүүхдүүд “Налайх дүүргийн хөгжил, бидний манлайлал” сэдвийн хүрээнд дүүргийн удирдлагуудтай өөрсдийн зүгээс оруулах хувь нэмэр, эцэг эх, багш, дүүргийн удирдлагуудын оролцоо, хамтын ажиллагааны талаар чөлөөтэй санал солилцсон юм.

 Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар хэлсэн үгэндээ“Өнгөрсөн 2017 оны “Хүүхдээ сонсох өдөр”-өөр хүүхдүүдийн зүгээс хөгжлийн орчин дутмаг, дугуйлан секц хомс, чөлөөт цагаа өнгөрүүлэх газар байдаггүй, гарч тэмдэглэгээ, хурд сааруулагч хангалтгүй, багш нарын хичээл заалт муу зэрэг саналыг түлхүү гаргажээ. Эдгээр саналуудыг эхнээс нь шийдвэрлэн ажиллаж байна. Тухайлбал Хүүхэд хөгжлийн ордноо ашиглалтад оруулан 10 гаруй дугуйланд 500 орчим хүүхэд хамрагдаж байна. Мөн та нарынхаа ая тухтай сурч боловсрох хөгжих орчныг сайжруулах зорилгоор энэ онд дүүрэгт дөрвөн цэцэрлэг, хоёр сургуулийн өргөтгөлийн ажлыг эхлүүлнэ.

Мөн боловсролын чанарыг сайжруулахын тулд гурвалсан хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Багш нарын ур чадвар нэмэгдүүлэх, сургалтын чанарыг сайжруулах хүрээнд сайн ажилласан багш нараа урамшуулна. Мөн сургуулиуд болон бүх байгууллагын дарга нартай байгуулсан үр дүнгийн гэрээнд энэ асуудлыг тусгайлан тусгасан. Оны эцэст дүнг нь гаргана. Энэ мэтчилэн үе шаттай ажлуудыг хийж байна. Одоо та бүхний өөрсдийн хичээл зүтгэл, хариуцлага чухал юм шүү, хүүхдүүдээ. Байнга манлайлагч байж, дүүрэг, нийслэл, улс эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөсөн мэдлэг чадвартай иргэд болж төлөвшинө гэдэгт ах нь бүрэн итгэлтэй байгаа шүү” гэлээ.

Уулзалтын төгсгөлд  Налайх дүүргийн удирдлагууд сурагч хүүхдүүддээ гарын бэлэг гардуулан өгч, сурлагын өндөр амжилт хүсэн ерөөлөө гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

 

Санал болгох мэдээ

Энэ оны 1-р улиралд гэмт хэргийн улмаас 1660 хүүхэд хохирчээ

Энэ оны I улиралд хүүхдэд хохирол учруулсан 1582 хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд прокурор хяналт тавьж, …