НИТХ-аас замыг хөдөлгөөний ачааллыг бууруулах чиглэлээр судалгаанд үндэслэн тогтоол гаргажээ

НИТХ-ын дарга С.Амарсайханы дэргэдэх Эрдэмтэн судлаачдын зөвлөлийн гишүүд болох Замын хөдөлгөөний ассиоцацийн тэргүүн С.Энхтөр тэргүүтэй судлаачид замын хөдөлгөөнийг бууруулах чиглэлээр шинжлэх ухааны аргачлалд үндэслэсэн судалгаа тооцоо хийж, энэ чиглэлээр хэд хэдэн арга замыг авч хэрэгжүүлэх боломжтойг илэрхийлсэн судалгааны дүнгээ НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралд танилцуулсан. Тэргүүлэгчдийн зүгээс судлаачдын судалгаа тооцоотой танилцаж, асууж тодруулж, хэрэгжүүлж болох эсэх болох зэргийг нь  лавлан, мөн өөрсдийн санал санаачлагыг нэмж Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах  арга хэмжээг авч ажиллах үүргийг Нийслэлийн засаг дарга бөгөөд  Улаанбаатар хотын захирагч С.Батболдод даалгасан тогтоол гаргажээ.

Энэ тогтоолд тусгагдсан замын хөдөлгөөнийг бууруулах боломжуудын талаарх судалгаа мэдээллийг хүргэе.

Түгжрэлийг багасгахад цогц бодлого хэрэгтэй, авто зам өргөтгөх шинэчилэх, бүтээн байгуулалтын ажлаас гадна төвлөрлийг сааруулах, автомашины хэрэглээнд зөв зохион байгуулалт хийх, цагийн горимонд оруулах, нийтийн тээврийг түлхүү ашиглах, жолооч нарыг сахилгыг дээшлүүлэх, унадаг дугуйг ашиглах гээд цогц бодлого хэрэгтэй байдаг.

Иргэд түгжрэлийн талаар бодохдоо энэ бол хэт төвлөрөл, хангалтгүй уулзвар замууд, хөдөлгөөнд оролцох соёлгүй зан байдал хэмээн үздэг бол  мэргэжилтнүүд үзэхдээ замын муу сүлжээ, нийтийн тээврийн муу бодлого, оновчгүй бүсчлэл  хэмээн дүгнэдэг.

Гэвч нийслэл Улаанбаатар хотод замын хөдөлгөөний түгжрэл төдийлөн буурахгүй, иргэдийг бухимдуулах нэгэн хүчин зүйл болоод удаж байгаа нь тээврийн хэрэгсэл эзэмшигч, хэрэглэгч нарын хэрэглээний буруу менежмент, цаг хугацааны буруу төлөвлөлт байдаг.

Улаанбаатар хотын авто замын ерөнхий сүлжээ нь 349,000 хүн амтай, 10,044 автомашинтай буюу хүн амын ердөө 2.9% нь автомашинтай байхаар 1975 оны ерөнхий төлөвлөгөөний дагуу баригдсан бөгөөд хотын хүн амын даац дээд тал нь 400,000 – 500,000 байхаар тооцоолсон байдаг.

Монголчууд бид автомашины тоо нь өндөр хэмжээнд хүрсэн, түүнийг зохицуулах  гэж тэмцэж байгаа орнуудын араас нь дагаж явдаг. Хятадад автомашины тоо 10 жилийн дотор 100 саяар орчмоор өссөн бол манайд 10 жилийн өмнө 161.989 аас 815009 болтлоо өссөн байна.

Токио хотын нийт оршин суугчдын 90% нь метрогоор, 6 % нь автомашинаар зорчдог бол Бээжингийн иргэдийн 34% нь машин унаж, хотын төвийн түгжрээнд зогсдог. Улаанбаатарчуудын хувьд энэ тоо 69% д хүрнэ. /3 жилийн өмнөх судалгаагаар/.

Түгжрэлд зогсож байхдаа ч агаар бохирдуулж тормос гишгэх бүртээ илүү их хүнд метал ялгаруулсаар. Бээжинд оргил цагаар 6 дугаар бүсээс доторх хэсэгт нэг цагт нэг тонн PM 2.5 бохирдол үүсгэдэг гэсэн судалгаа байдаг юм байна.

Улаанбаатар хотод дундаж хөдөлгүүрийн багтаамжтай /1600 сс-ээр тооцлоо/ суудлын автомашин нэг цаг нормальдахад /түгжирэлд зогсоход/ 0.8 литр бензин зарцуулдаг ба энэ нь   1328 төгрөг болох юм. Өөрөөр хэлбэл нэг жолооч  өдрийн нэг цагийн түгжирэлд  1328 төгрөгийг үргүй зарцуулдаг гэсэн үг. Тэгвэл нийслэл Улаанбаатар хотод  311.478 автомашин замын хөдөлгөөнд оролцдог, түүнээс дугаарын хязгаарлалт болон хөдөлгөөнд оролцдоггүй автомашиныг хасаад хамгийн багаар тооцоход 200 000 автомашин байнга замын хөдөлгөөнд оролцдог гэж үзвэл зам дээр 265 600 000 төгрөгийг зөвхөн нэг өдөрт үргүй урсгадаг гэсэн үг. Энэ нь нэг сард ажлын 21 хоногтой гэж үзвэл  5 577 600 000 төгрөг, жилд /түгжирэл хамгийн бага байдаг 7,8 сарыг хасаад/  55 776 000 000 төгрөг буюу энэ нь ДНБ-ний  2.9 % -ийг эзлэж байна.

Гэхдээ бидэнд 8-12 сая автомашинтай том хотуудтай харьцуулахад бидэнд илүү их боломж бий.

Жишээлбэл: Зөвхөн Их тойруугийн дотор гэхэд л өнөөдрийн байдлаар төрийн 286 байгууллагад 28.993 алба хаагч ажиллаж байгаа гэсэн судалгаа байна.  Тэдгээрийн 11.402 нь нийтийн тээврээр, 4.698 нь явганаар, 12.893 нь хувийн автомашинаар   хамгийн багадаа 3 км хол нь 10 орчим км замыг автомашинаараа туулж ажлын байрандаа ирдэг ба автомашинаа өдрийн турш зогсоол бөглөж сойдог.  Энэ байдал нь нээгд замын ачааллыг нэмэгдүүлдэг хоёрт авто зогсоолын хүртээмжийг шууд бууруулдаг сөрөг талтай.

Их дээд сургуулийн тухайд 92.098 оюутан өглөө оройн цагаар сургууль гэр хоёрын хооронд явдаг ба тэдгээрийн 68.049 нь нийтийн тээврээр, 16.908 нь явганаар, 13.209 нь хувийн автомашинаар ирдэг гэнэ.

Харин ЕБС-ийн тухайд байдал бас л хурцаар ажиглагдана. Их тойруугийн дотор 65 хувийн болон төрийн өмчит  ЕБ сургуулийн 59879 хүүхдээс 19985 нийтийн тээврийн хэрэгслээр  23976 явганаар, 7959 хүүхэд автомашинаар хүргүүлж ирдэг гэсэн судалгаа байна. Хүүхдийн автобусаар эдгээрийн 1797 нь зорчидог юм байна. Тэгэхээр энэ тооноос харахад бидний шийдэх боломжтой асуудлыг шийдэхгүй байгаагаас ямар их ачаалал үүсэж байгааг харж болохоор байна.

Түүнчлэн бүтээн байгуулалт гүүрэн замын хажуугаар бусад зохицуулалтыг идэвхжүүлэх хэрэгтэй. Ийм ч учраас НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хүрээнд дараах арга хэмжээг зохион байгуулахаар тогтоол гарахаар болжээ.  Гэхдээ энэ бол хэт их ачааллыг багасгах тухай боломжит хувилбаруудын нэг хэсэг болохоос биш цогц бодлого биш  гэдгийг ойлгох хэрэгтэй.

Өнөөдрийн байдлаар бид нар бага зардлаар богино хугацаанд үр дүнд хүргэх талаар юу юу хийж болох вэ?

Нэгдүгээрт: Yellow box junctions-ийг нийслэлийн хамгийн ихээр түгжирдэг уулзварууд дээр хийж гүйцэтгэх ажлыг зохион байгуулах. Зайлшгүй шаардлагатай 2-3 уулзварыг сонгон одоо байгаа нөхцөл бололцоон дээр тулгуурлан хийх шаардлагатай.

Урьдчилсан байдлаар судлагдсан тухай: Дэлхийн улс орнуудад 1980 аад оноос хэрэглэж ирсэн туршлага бөгөөд зөвхөн уулзвараас гадна гол замтай нийлсэн гарц бүхий хэсгүүдэд хийгддэг. Нийслэлд явуулсан түүврийн  санал асуулгад оролцсон иргэдийн 85% нь дэмжиж байгаа тухай судалгаа байна. Энэхүү зохион байгуулалтыг хийснээр уулзвар дээрх түгжрэл 90%- иар буурах ба уулзвар хүртэлх ачаалал нэмэгдэх магадлал 0,5%, үүнээс үүдэн хажуугийн гарцнууд дээрх ачаалал нэмэгдэх эрсдэлтэй. Камерын хяналтын тасралтгүй байдлыг алдагдуулах, торгууль ноогдуулах үйл ажиллагаа идэвхгүй явагдах, олон нийтэд сурталчлах ажиллагаанд онцгой анхаарахгүй бол үр дүнгүй болно.

Хоёрдугаарт: Худалдаа үйлчилгээний газруудад ачаа бараа хүргэх, татах үйлчилгээг 23.00-06.00 цагийн хооронд байхаар буюу нийслэлийн оршин суугчдын ажлын цагтай давхцуулахгүйгээр зохион байгуулах шаардлагатай.

Дугаарын хязгаарлалтаас шалтгаалаад байгууллагын түгээлтийн үйлчилгээний автомашинуудын 20% нь өдрийн цагаар хөдөлгөөнд оролцдоггүй. Улаанбаатар хотод өдрийн цагаар явж байгаа автомашины 5% нь  дэлгүүр, хоолны болон бусад олон төрлийн үйлчилгээний газруудын хүнс, түүхий эд, материалаар хангахад зориулагдсан автомашинууд хөдөлгөөнд оролцож байна. Ид ачааллын буюу 11-15 цагийн хооронд энэ тоо нь  7% болж өсч байна.  Бараа ачиж буулгаж байгаа  нэг автомашин тухай орчныхоо хөдөлгөөний эрчмийг 35%-иар бууруулдаг. Өнөөдрийн байдлаар түгээлтэнд явж байгаа автомашины тоо 20.000-д хүрсэн байна гэж судалгаагаар тогтоосон.

Хэрэв энэ үйл ажиллагааг зөвхөн шөнийн эсвэл хөдөлгөөний ачаалал багасах цагаар хийхээр зохицуулбал, замын хөдөлгөөний түгжрэл 12% буурах  тооцоо гарч байна. Энэ үйл ажиллагааг хэрэгжүүлснээр түгээлтийн үйлчилгээ эрхэлдэг компаниудын автомашин 100% дугаарын хязгааарлалтанд орохгүй, түгжрэлд зогсохгүйгээс тухайн байгууллагын автомашины  илэгдэл, шатахуун зарцуулалтад эерэг үр дүн гарна.

 

Гуравдугаарт: Нарантуул, Барс, Шонхор, Хархорин худалдааны захуудад орон нутгаас ирж ачаа бараа татаж байгаа бүх төрлийн автомашины цагийг 01.00-07.00 цаг болгож нийслэлийн оршин суугчдын хөдөлгөөний цагаас зөрүүлэх. Нарантуул зах өдөрт бага оврын ачааны машин 600 /+ 45-65/, том оврын ачааны машин 300/+50 -50/ орчим хөдөлгөөнд оролцдогийгсудалгаагаар тогтоожээ.

 Энэхүү арга хэмжээг нэвтрүүлснээр Нарантуул орчмын хөдөлгөөний ачаалал 15% -иар буурах магадлалтай. Жолооч нарын 45% түгжрэлд бензин шатахуун, цаг үрэхгүй байх нь таатай гэсэн хариулт өгсөн Урьдчилсан байдлаар санал асуулгад оролцсон тээвэрлэгч иргэдийн 30% шөнийн цагаар ажиллах сонирхолгүй гэсэн хариулт өгсөн байна.

Дөрөвдүгээрт: Их биш ч гэсэн нөлөөлөх өөр нэг зүйл бол Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа бүх fm радиог замын хөдөлгөөний түгжрэлийн мэдээлэл дамжуулдаг болгох ажлыг зохион байгуулах нь замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулахад чухал нөлөөтэй. Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаг 27 богино долгионы радионуудын 2-3 нь  замын хөдөлгөөний талаарх мэдээллийг боломжит төвшнөөс доогуур явуулдаг юм.  Замын хөдөлгөөнд байнга оролцдог 335 жолоочоос санал асуулга авахад 294 нь сонсдог долгионоороо замын хөдөлгөөний түгжирлийн талаар мэдээлэл авдаггүй гэсэн хариулт өгсөн байна. Жолооч нарын 85% нь аль нэг радиог сонсдог ба хэрэв түгжрэлийн талаарх мэдээлэл сонсвол энэ хэмжээгээр аялалын маршрутандаа сонголт хийж аль болох чөлөөтэй замыг сонгох боломж бүрдэнэ гэж тооцож байна.

 

Тавдугаарт: Орон сууцны хороолол доторх хөдөлгөөнийг  нэг чигийн болгох ажлыг зайлшгүй зохион байгуулах шаардлагатай. Хөдөлгөөнийг нэг чигийн  зохион байгуулалтанд оруулснаар  түгжрэл саатлаас гадна зогсоолын боломжууд 50 % нэмэгдэнэ. Одоогоор орон сууцны хороолол доторх зорчих хэсгийн 75% нь сөрөг хөдөлгөөнтэй хоёр эгнээ замтай байна. Өнөөдрийн байдлаар хорооллын доторх нэг эгнээг зогсоол болгон ашигладаг ба үлдсэн нэг эгнээнд өөд өөдөөс харан түгжрэх явдал байнгын болоод байна. Хэрэв нэг чигийн зохион байгуулалтанд шилжүүлэх юм бол  нэг эгнээг зогсоол болгож үлдсэн эгнээгээр чөлөөтэй зорчих боломж нээгдэнэ.

Зургаадугаарт: Хөдөлгөөний урсгалыг уян хатан болгож замын хөдөлгөөний урсгалын ачааллыг харгалзан эгнээний тоог өөрчлөх аргачлалыг ажил тарах цуглах цагуудаар зохион байгуулах. Хөрвөх эгнээний зарчмыг цаг хугацаанаас шалтгаалж түгжрэл үүсдэг орнуудад ихээр  хэрэглэдэг. Ачааллын хувьд гол болон хөндлөн тэнхлэгийн хөдөлгөөний ачаалал нь Энхтайвны өргөн чөлөөгөөр хоногт 700,000 хүн (PCU-д шилжүүлбэл 200,000 автомашин) зорчиж байдаг. Хотын төв хэсэг рүү очих чиглэлд түгжрэл 2.6-3.0 буюу өндөр үзүүлэлттэй байна гэж үздэг. Босоо тэнхлэгийн хувьд Чингисийн өргөн чөлөөгөөр хоногт 600,000 хүн (PCU –д шилжүүлэхэд 170,000 машин) зорчиж, түгжрэлийн хэмжээ (V/C) 5.0 буюу маш өндөр гэсэн дүгнэлттэй байдаг нь энэ аргыг хэрэглэх зайлшгүй шаардлагатай байгааг харуулж байна.Энэ судалгаа Жайкагаас хийгдсэн.

Долоодугаарт: Тэмдэг заалтын үйлчлэх цагийг хязгаартай болгож зогсохыг хориглосон болон ачихыг анхааруулсан тэмдгүүд, хөдөлгөөний чиглэл заасан тэмдэг заалтуудыг цагийн болон өдрийн хязгаарлалттай болгох, зарим үед тэмдгийг  үйлчлэхгүй байхаар болгож уян хатан зохицуулалт хийх шаардлагатай.

Наймдугаарт: Авто зогсоолын талаар дараах арга хэмжээг зохион байгуулах хэрэгтэй.  Иргэдэд үйлчилгээ үзүүлдэг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын авто зогсоолын асуудлыг шийдэх. Зөвхөн их тойруугийн дотор гэхэд л өнөөдрийн байдлаар төрийн 286 байгууллагад 28993 алба хаагч ажиллаж байгаа гэсэн судалгаа байна.  Тэдгээрийн 11402 нь нийтийн тээврээр, 4698 нь явганаар, 12893 нь хувийн автомашинаар   хамгийн багадаа 3 км хол нь 10 орчим км замыг автомашинаараа туулж ажлын байрандаа ирдэг ба автомашинаа өдрийн турш зогсоол бөглөж сойдог.  Энэ байдал нь нэгдүгээрт замын ачааллыг нэмэгдүүлдэг бол хоёрдугаарт авто зогсоолын хүртээмжийг шууд бууруулдаг сөрөг талтай. Өглөөний 09 цагт төрийн байгууллагын гаднах болон үйлчилгээний төвийн зогсоолууудын дүүргэлт 90% д хүрсэн байдаг байна.

Өглөөний 08.30 – 09.00 цагт 3,4 дүгээр хорооллын худалдаа үйлчилгээний газрууд, дэлгүүрүүдийн  зогсоол аль хэдийнэ дүүрсэн байдаг. Учир нь  хорооллын зогсоолын 60% нь тухайн зогсоол орчмын байгууллага, компаний ажилчдын буюу лангуу түрээслэгчдийнх байдаг бол харин 10% нь эздийнх, 5% нь хувь нь машинаа зогсоол дээр тавиад багажандаа худалдаа хийгч хүмүүсийн эзэмшлийнх болж хувирдаг. Үлдсэн 25% нь үйлчлүүлэхээр ирэх иргэдийнх. Тэд зогсоолгүй учир нэгдүгээр эгнээнд машинаа орхиж түгжрэлд нэмэр болно эсвэл автомашинаа ачуулна. Хэрэв үйлчлүүлэгч нарт зогсоолыг чөлөөлж өгвөл хөдөлгөөний хэт их аяаалал 30% иар буурна гэсэн судалгаа байна.

Энэхүү зохицуулалтыг хийж өгөх нь эрсдэл байхгүй, хяналт шалгалтыг сайжруулж байгууллага бүр ажилчиддаа ухамсарлуулж идэвхитэй ажиллахад асуудал шийдэгдэнэ.

Авто зогсоолыг амралтын өдрүүдээр ашиглах нь дугаарын хязгаарлалтгүй үед хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах өөр нэгэн боломж юм. Сүүлийн үед нийслэл хотын замын хөдөлгөөн амралтын өдрүүдээр ихэсдэг болсон байна. Иймд амралтын өдрүүдээр болон ажлын цаг дууссанааас хойш төр захиргааны болон бусад байгууллагын авто зогсоолыг төлбөргүй болгож нээлттэй болгох ажлыг зохион байгуулах.  Ажлын цагуудаар үйлчлүүлэгч нараас бусад бүх автомашины зогсоолын төлбөрийг өндөрсгөх ажлыг зохион байгуулах нь зогсоолын хомсдлыг 60 орчим хувиар бууруулах үр дүнтэй ажил болно.

 Авто зогсоолын мэдээллийн нэгдсэн цахим сүлжээтэй /GPS/ болгож ашиглах, төлбөрийн уян хатан нөхцлийг бүрдүүлж хэрэгжүүлэх;  Нийт жолооч нарын 25% нь зогсоол хайж 15-20 минутанд 300-500 метр замыг 10-15 км/цагийн хурдтайгаар туулж хөдөлгөөнд саатал учруулдаг гэсэн судалгаа байна. Эдгээрийн 13 % нь 15-20 минутанд зогсоол олдог.

Нийслэлийн гол гол зогсоолуудыг төлбөрийг эхний тодорхой хугацаанд төлбөргүй болгох, дараагийн хугацаанд төлбөрийг нэмэх ажлыг зохион байгуулах, эдгээр зогсоолуудын багтаамжийн талаарх мэдээллийн апплекайшн  гаргах боломж бий.

Сүхбаатарын талбайн урд зогсоолын эхний 30-60 минутын тарифыг тэглэх буюу 500 хүртэл төгрөг болговол зогсоолын ашиглалт 75% хүрч ойр хавийн зогсоолын дүүргэлт буурна.

Өнөөдрийн байдлаар 26.000 автомашин буюу 26.000 жолооч зогсоолгүй, зогсоолын хомсдолд ордог гэсэн тооцоо судалгаа байдаг.

Есдүгээрт: Зарим нэг нэгдүгээр эгнээг зогсоол болгон ашиглах. Бусдын хөдөлгөөнд саад болохгүй, ашиглагдах нь бага нэгдүгээр эгнээг төлбөртэй зогсоол болгох ажлыг зохион байгуулах шаардлагатай байна. Өнөөдрийн байдлаар хотын төв хэсэгт нэгдүгээр эгнээг авто зогсоолын зориулалтаар ашиглаж болох 22 хэсэг байгаа бай нийт 1000 орчим  автомашиныг төлбөртэйгээр зогсоох боломж байна.

Нэг саяас дээш автомашинтай хотод талбайн эсвэл автоматчилагдсан зогсоолууд нийт автомашины 20-25% д нь хүртээмжтэй байдаг. Харин бусад автомашины хөдөлгөөнд хязгаарлалт хийх, ингэхдээ төлбөрийн системийг өндөрсгөдөг. Гэхдээ өөр нэг зохицуулалт бол зорчих хэсгийн хоёр талыг төлбөртэй зогсоол  болгох. Төлбөртэй болгосноор жолооч нар машинаа орхиод олон цагаар алга болохгүй, дараагийн жолоочид зогсоол чөлөөтэй олдоно. Ингэхдээ зогсоолын шугамыг өнгөөр ялгаж төлбөрийн хэмжээг ялгавартайгаар ноогдуулдаг.

Авто зам дээрх түгжрэлийн хор уршиг болон авто замын хэтийн төлөв

Автомашинжилтын төвшингийн зүй тогтлоор 1000 хүнд ноогдох автомашины тоо 30-аас дээш болоход замын нэвтрүүлэн өнгөрүүлэх чадварыг хангах асуудалд бэрхшээл үүсэх, 130-аас дээш бол тухайн хотын автомашинд хязгаар тавих, 200-250 хүрвэл нийтийн үйлчилгээний тээврийн хэрэгсэлд давуу эрх өгч зөвхөн түүгээр үйлчлүүлэх асуудал тавигддаг.

Түгжрэл нь байгаль орчны эрүүл ахуйд ч нөлөөлнө. Автомашины насжилтаас шалтгаалж CO2-н хувь  0-3 жилд 7.74%, 4-6 жилд 11.7%, 7-9 жилд 12,5% хувь, 9-өөс дээш жилд 13,5% хувьтай буюу стандартаас  12,5 хувиар хэтэрч байгаа нь бидний амьсгалах агаарыг хэрхэн бохирдуулж байгааг харуулж байна. Түүнчлэн жолооч түүний бүхээгэнд сууж яваа иргэд автомашины халсан агаар, аэркондишн зэргээс  амьсгалын замаар уушигны болон амьсгалах бусад эрхтэндээ өвчилөлт авч астм зэрэг архаг өвчлөлтийн шинж тэмдэгүүд илрэх болсон байна.

Зам тээврийн эрэлтийн хэтийн төлөв 2030 он хүртэл одоогийн замын сүлжээг өргөтгөхгүйгээр ашиглах буюу арга хэмжээ авахгүй байх (Do Nothing) хувилбараар үзэхэд, зорчилтын тоо 2011 оноос 2030 онд бараг хоёр дахин өсөж, зам тээврийн эрэлт (хүн/км) 3.1 дахин өсөх тооцоо бий. Хувийн машинаар зорчих явдал өсөж байгаа нь замын ачааллыг улам нэмэгдүүлж, ялангуяа Энхтайвны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө зэрэг гол тэнхлэгийн дагуух замын багтаамж хүрэлцэхгүй болох нь аль хэдийн  тодорхой болсон.

Автозам болон тээврийн хэрэгсэлд ашигт үйлийн коэффицент /АҮК/ гэж нэг юм бий. Энэ нь макро түвшинд ч айл өрхүүдийн микро түвшинд ч маш их ач холбогдолтой. Тээврийн хэрэгслийн АҮК нь тухайн явсан км тутамд хэдий хэмжээний ачаа, зорчигч тээвэрлэснээр үнэлэгдэнэ. Айл өрх, хувь хүмүүс ч бага шатахуунаар богино хугацаанд яаж хувийн ажлуудаа амжуулах талаар санаа зовдог. Нэг автомашинаар ганцаараа юу ч амжуулахгүй холхиод байвал АҮК нь “0″-ийг заана. Социализмын үед “сул явалт” гэдгийг маш их анхааран үзэж судалгаа, график, төлөвлөгөө гаргадаг байсан. Эдийн засгийн үр ашиг гэдэг зүйлийг аль ч нийгэмд, тэр тусмаа өнөөгийн нийгэмд зөвхөн авто тээврийн байгууллага гэлтгүй хувь хүн бүр нарийн бодолцох нь зүйтэй гэдэг талаар олон нийтийн хэрэгслээр бүх нийтэд таниулах, албан байгууллагад хатуу мөрдөж ажиллахыг  шаардах нь зүйтэй юм.

НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаас нийслэлчүүдийн өмнө тулгамдсан асуудлын нэг болох  замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, түгжрэлийг багасгах ажлыг мэргэжлийн судлаачдын баг, эрдэмтэдтэй хамтран гаргасан энэхүү тогтоол нийслэл хотын хэмжээнд хэрэгжсэнээр замын хөдөлгөөний ачаалал тодорхой хэмжээгээр буурна гэж үзэж байна.

Эх сурвалж: Citycouncil.mn

Санал болгох мэдээ

СХД-ийн 12 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны 12 дугаар сургуулийн барилга 1948 онд ашиглалтад орсон бөгөөд …