Английн хөгжөөн дэмжигчид Орост заавал ирнэ

Английн хэвлэлүүдэд сөрөг мэдээллүүд гарч байгаа боловч манай шигшээ багийн жинхэнэ хөгжөөн дэмжигчид ДАШТ-2018-ыг үзэхээр Орост ирэх болно гэж Английн шигшээ баг болон “Манчестер Юнайтед” багт хамгаалагчаар тоглож байсан Уэс Браун мэдэгдлээ.

ДАШТ-ийн үеэр хөгжөөн дэмжигчид биеэ хэрхэн авч явах вэ гэсэн сэдвээр Британийн хэвлэлүүд өмнө нь нэг бус удаа өдөөн хатгасан агуулгатай материалуудыг нийтэлсэн юм. Тухайлбал, 4 дүгээр сард The Sun сонин мэдээлэхдээ “Оросын болон Аргентины хөгжөөн дэмжигчид Английн хөлбөмбөгийн фанатуудын эсрэг дайрахаар бэлтгэж байна” гэж байжээ.

“Ийм учраас би Английн сонинуудыг уншдаггүй, уншихгүй байхыг та бүхэнд зөвлөж байна. Оросын тухай бичиж буй сэтгүүлчдээс олон хүн тэнд хэзээ ч очиж байгаагүй.  Хөгжөөн дэмжигчдийн хувьд тэдний заримд нь дээрх бичсэн зүйлүүд нөлөөлөх байх л даа. Харин багаа үнэн сэтгэлээсээ дэмждэг тэр хүмүүс Орост ирэх нь гарцаагүй” гэж Браун ярилаа.

“Британийн хэвлэлүүд заримдаа маш хачирхалтай санагддаг. Хөлбөмбөгчдийн хувьд тэд сонин хэвлэл унших нь ховор. Уншлаа ч гэсэн бичсэн зүйлүүдэд ач холбогдол өгдөггүй. Британийн хэвлэлүүд бодит бус зүйлийг нийтэлдэг” гэж тэрбээр хэлэв.

Г.Бат

 

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …