М.Oзил бэртлийн улмаас дөрвөн хоног бэлтгэлд гараагүй

Германы шигшээ багийн хагас хамгаалагч Месут Озил бямба гарагт Австрийн багтай хийсэн нөхөрсөг тоглолтын үеэр гэмтэл авсны улмаас одоог хүртэл бэлтгэлдээ гараагүй байна гэж Германы “Bild” сонинд мэдээлжээ.

6 дугаар сарын 2-ны өдөр Германы шигшээ баг 1:2 харьцаагаар австричуудад хожигдсон бөгөөд Германы багийн цорын ганц гоолыг Озил хийсэн байна. Тэрбээр тоглолтын 42 дахь минутанд зүүн хөлөндөө бэртэл авсан боловч үргэлжлүүлэн тоглосоор байжээ. 76 дахь минутанд түүнийг нөөц тоглогчоор сольсон байна.

Хөлний гэмтлээс гадна өмнө нь нуруундаа бэртэл авсан нь Озилын санааг ихэд зовоож байна. Тэрбээр баасан гарагт Леверкузен хотод Саудын Аравийн шигшээ багтай хийх тоглолтонд оролцохгүй бололтой.

Озил бол Лондоны “Арсенал” клубын тоглогч бөгөөд өнгөрсөн улиралд тэрбээр 35 тоглолтонд оролцохдоо 5 гоол оруулж, 14 оновчтой дамжуулалт хийсэн байна. Тэрбээр 2014 оны дэлхийн аварга бөгөөд үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд 90 тоглолтонд оролцохдоо 23 гоол оруулж, 40 удаа оновчтой дамжуулалт хийжээ.

Германы шигшээ баг F хэсэгт Мексик, Швед, Өмнөд Солонгосын багуудтай учраа таараад байна. Тус баг 2014 онд дэлхийн аварга болсноос гадна 2017 онд ОХУ-д болсон Холбоодын цомын тэмцээнд  түрүүлсэн билээ.

   Т.Цогт

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …