УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарыг эгүүлэн татах асуудлаар УИХ-ын Хууль зүйн байнгын хороо нээлттэй хуралдаж нууц санал хураалт явууллаа.
Нууц санал хураалтаар УИХ-ын гишүүн Д.Муратыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх үндэслэлгүй гэж үзсэн юм. Харин УИХ-ын гишүүн Д.Гантулгыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх эсэхээр санал хураахад хуралдаанд оролцсон нийт 14 гишүүний долоо нь татгалзаж долоо нь бүрэн эрхээс нь түдгэлзүүлэхийг дэмжлээ. Санал тэнцсэн учраас УИХ-ын гишүүн Д.Гантулгыг эгүүлэн татахыг дэмжээгүй гэж үзэн УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр болсон.
Тэгвэл УИХ-д суудалтай эмэгтэй гишүүдийн төлөөлөл болох УИХ-ын гишүүн Д. Оюунхорол, Н.Оюундарь, Ц.Цогзолмаа, Б.Билэгт, Б.Ундармаа нар УИХ-ын хууль зүйн байнгын хорооны саналыг эсэргүүцэж дөнгөж сая Төрийн ордонд мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Д. Оюунхорол: УИХ-ын гишүүн Д. Гантулга, Д.Мурат нарыг бүрэн эрхээсээ түдгэлзэх саналыг Улсын их хурлын танхимд биш, хууль хяналтын байгууллагад мэдүүлэг өгөөд хэргээ тогтоолгох зүйтэй гэсэн байр суурьтай байгаа.
Хоёрдугаарт эмэгтэй хүнийг хүчирхийлсэн гэх хэрэгт УИХ-д түүхэндээ анх удаа 13 эмэгтэй гишүүд сонгогдсон. Монголын ард түмэн эмэгтэйчүүдийн эрх ашгийн төлөө дуу хоолойгоо нэгтгэж хамгаалж дуугараасай билээ гээд биднийг сонгосон гэж ойлгож байгаа. Тийм учраас бид өнөөдөр Монгол Улсын Их хурлаас саяхан баталсан хүчирхийллийн эсрэг тэмцэх хуулийн зүйл заалтыг чангаруулсан. Хууль шүүхийн өмнө тэгш байх ёстой гэдэг зарчмыг баримталж байна.
УИХ-ын гишүүн Н.Оюундарь:Дөнгөж сая Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар шийдвэр гаргаж, хоёр гишүүнийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэж дэмжсэнгүй. Эмэгтэй гишүүдийн зүгээс Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль дээр ажилласан гишүүдийн хувьд нийгэмд гарч байгаа хүчирхийллийг зогсоохын тулд төрийн түшээ болсон. Хуулийн өмнө хэн ч байсан тэгш эрхтэй байдаг. Тэр утгаараа хоёр гишүүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлж, хуулийн байгууллагаар эцэслэх нь зүйтэй гэж бодож байгаа юм.
УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа:УИХ-ын гишүүний бүрэн эрхийн тухай хуульд гишүүн болсноороо хууль зөрчсөн, нийгэмд буруу үйлдэл гаргаснаа гишүүний бүрэн эрхийн дор далдлах оролдлогыг парламентын түүхэнд гаргах ёсгүй. Нөгөөтээгүүр УИХ-ын гишүүнээр сонгогдох насны босго тавих ёстой гэж үзэж байгаа юм. Магадгүй зарим хүмүүс залуу насны алдаа гэж ярих гээд байх шиг байна. Төр төлөөлнө гэчхээд ёс зүйн алдаа гаргаж болохгүй. Тийм учраас бид энэ асуудалд парламентын гишүүдийн төлөвшилтийг сайжруулах асуудлын хүрээнд ёс зүй, нас, төгөлдөржүүлэх чадвартай, чансаатай хүмүүс сонгогдох нь төрийн нэр цэвэр байх ёстой гэж бодож байна. Залуу хүн алдсан гэж өмгөөлөх боломжгүй байхгүй. Бид бол ээжүүд, эхчүүд, эмэгтэйчүүд.
Г.Нараа