Оюутолгойн төслөөс болж Монголын Засгийн газар болон “Рио-Тинто” компанийн хооронд үүссэн үл ойлголцлыг арилгахаар Лондонг зорьсон холбогдох албаны хүмүүс өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлгэлээ.
Хэвлэлийн бага хуралд “Эрдэнэс Оюутолгой” компанийн дэд захирал н.Даваадорж, Уул уурхайн яамны Стратеги, бодлого зохицуулалтын газрын дарга Ч.Отгочулуу, хуулийн зөвлөх н.Энхбат оролцож, Лондонгийн хэлэлцээр амжилттай дууссаныг онцлов.
Монголын талаас нийт 22 асуудлыг хэлэлцээрийн ширээний ард барьж орсон бол хөрөнгө оруулагчийн зүгээс найман асуудлыг хөнджээ. Нийтдээ 30 асуудлыг Лондонд хэлэлцсэнээс хувь нийлүүлэгчид 15 асуудал дээр санал нэгдсэн байна. Харин үлдсэн 15 асуудлыг Монголд хэлэлцэх бөгөөд шаардлагатай яаралтай гэдгээр нь ангилж, гурван том ажлын хэсэг байгуулахаар болжээ. 2000 ажилчинг цомхотгож, далд уурхайн хөрөнгө оруулалтаа зогсооход хүргэсэн Оюутолгой төслийн нэмэлт хөрөнгө оруулалтын асуудлыг арванхоёрдугаар сар үед шийдвэрлэгдэх бололтой. Тэр болтол ажлын хэсгийнхэн 15 асуудлаар нарийвчилсан судалгаа хийх гэнэ. Мөн ажлын гурван хэсэг гаргаж, аравдугаар сарын 7-ноос хамтарсан судалгаа хийхээр болсон байна.
Уул уурхайн яамны Стратеги, бодлогын газрын дарга Ч.Отгочулуу:
-Оюутолгойн бүлэг ордод хамаарах тусгай зөвшөөрөл гуравдагч этгээдийн нэр дээр байгаа асуудлыг нэг тийш нь цэгцэлж Оюутолгой компанийн нэр дээр шилжүүлэхээр болсон. Ингэснээр Монголын талд өгөх үр өгөөж дээшилж, төсөл хэрэгжих хугацаанд Монголын талд оногдох ногдол ашиг 1,4 тэрбумаар өсөх бололцоо бүрдсэн. Мөн шийдвэрлэгдээгүй үлдсэн асуудлаар хоёр тал ажлыг хэсэг гурвыг байгууллаа. Аравдугаар сарын долооноос буюу ирэх нэг дэх өдрөөс ажлын хэсгийнхэн ажилдаа орно. Нэгдүгээр аждын хэсгийнхэн Оюутолгойн эхний ээлжийн хөрөнгө оруулалтын зардал юунаас болоод яагаад хэтэрсэн бэ гэдгийг судална. Төслийн зардал анхны гэрээнд тусгаснаас хоёр тэрбумаар нэмэгдсэн асуудлыг шалгуулахаар Монголын Засгийн газар болон, хөрөнгө оруулагч “Рио-Тинто” компани тус тусдаа олон улсын аудитын шалгалт оруулсан бөгөөд шалгалтын үр дүнг хооронд нь тулгах зохих ёстой зардал мөн эсэхийг хэлэлцэнэ.
Хоёр дахь ажлын хэсгийнхэн Оюутолгойн бүлэг ордын геологийн нөөцийг тогтоох, ТЭЗҮ-ийг хэлэлцэнэ. Харин гурав дахь ажлын хэсгийнхэн далд уурхайн бүтээн байгуулалттай холбоотой нэмэлт санхүүжилтийг ярилцана. Өөрөөр хэлбэл зарим нэг зарчмын болон үл ойлголцлын зөрүүг арилгахаар ажлын хэсгийнхэн аравдугаар сарын 7-ноос ажилдаа орох юм.
“Эрдэнэс МГЛ”-ийн дэд захирал Г.Тэмүүлэн:
-Хувь нийлүүлэгчид зардлын болон техникийн, ТЭЗҮ болон төслийн асуудлаар өнгөрсөн долоо хоногийн турш Лондон хотод хэлэлцээр хийгээд ирлээ. Далд уурхайн санхүүжилтийн асуудлаар ажлын хэсэг байгуулсан. Хөрөнгө оруулагчийн зүгээс хэдэн жилийн дараа зэсийн үнэ дэлхийн зах зээлд эрс унах төлөвтэй байгааг дуулгасан. Учир нь манай Оюутолгой шиг зэсийн том орууд энэ тэнд их илэрч байгаа. Тиймээс аль, аль талынхаа ашгийг бодолцож, 2017 оноос зэсийн олборлолтыг нэмэгдүүлсэх, экспортод гаргах зэсийн баяжмалын хэмжээг өсгөх шаардлагатай байгааг дуулгасан. Далд уурхайн санхүүжилтын талаар 2-3 долоо хоногийн талаар тодорхой мэдээлэл өгнө. Ажлын хэсгийнхэн ажилдаа ороогүй байхад мэдээлэл өгөх нь зарчмын хувьд таарахгүй. Ямарч байсан зарчмын болон ойлголцлын зөрүүг арилгахын төлөө бид өдөр шөнөгүй ажиллаж байна.
Хэлэлцээрт оролцсон нөхдүүд ийн мэдээлэл өглөө. Тэдний хэлснээр 30 асуудлын 15-ыг нааштайгаар шийдвэрлэсэн бол үлдсэн 15 асуудлыг нь Улаанбаатарт хэлэлцэж шийдвэрлэх бололтой. Гэхдээ зардал, техник, санхүүжилт, ТЭЗҮ гээд төсөлтэй холбоотой маргааныг энэ удаад нэг тийш нь шийдвэрлэж хувь нийлүүлэгчид нэг завин дээр сууж яваагийнхаа хувьд үл ойлголцлоо арилгах ёстой гэдэгт санал нэгдсэн байна.