Завханы Отгон сум малын сайн хашаа хөтөлбөрийг хэрэгжүүлж малчидтай хамтран 19 өвөлжөөн дээр малын хашааг шинээр барьжээ.
Өнгөрсөн өвөл, хаврын саруудад сумын хэмжээнд 190 гаруй мал хорогдсон. Амьжиргааны эх үүсвэр болсон малаа хорогдол багатайгаар байгалийн давагдашгүй хүчин зүйлийг даван туулахад дулаан хэвтэр үнэхээрийн чухал юм. Манай сумын удирдлагууд тухайн үед мал маллаж байсан бүх сууриудыг дулаан өвөлжөөтэй болгож байсан юм билээ. Зах зээлийн шуурганаар ихэнх айлууд өвөлжөөгөө буулгаж сумын төвд хашаа барьсан гашуун туршлага бидэнд байгаа. Өнөө цагт мал хэдий хувийн өмч ч бид амжиргааны гол эх үүсвэр болсон мал аж ахуйн салбартаа олон цогц арга хэмжээг хэрэгжүүлж байгаа юм. Үүний нэг нь “Малын сайн хашаа” хөтөлбөр юм. Өнгөрсөн онд саравчтай өвөлжөө барьсан зургаан айлыг сонгож, өвөлжөөний хашаа барьдаг туршлагатай иргэдтэй хамтран ажиллах гэрээ байгуулж орон нутгийн хөгжлийн сангаас малчин өрх бүрийн өвөлжөөний үнийн 20 хувийг төрөөс олгож дэмжлэг үзүүлсэн. Үүний үр дүнд чулуун хороог шинээр барьж, сэргээн засварлах өрхүүдтэй сумын төрийн албан хаагчид хамтран Буянт, Баянбулаг гэхчлэн таван багт нийт 19 өвөлжөөг шинээр барьж засварлан малчдад хүлээлгэн өгсөн байгаа. Наадмын маргааш намар гэдэг. Манай суманд намар эрт, бараг зуны сүүл сараас цас унаж хүйтэрдэг. Тиймээс бид өвлийн бэлтгэлийг одооноос эхэлж базаахыг хичээж байна хэмээн Отгон сумын Засаг дарга Ж.Амгаланбаяр мэдээллээ.
Малжуулах хөтөлбөрт хамрагдсанаар малчдын амьжиргаа дээшилж байгаа гэв
Завханы Отгон сум “Малжуулах хөтөлбөр”-ийг аймгийн хэмжээнд загвар болохуйц зохион байгуулж байгаа ажээ. Анх 2013 оноос сумын ИТХ-ын хурлаар малжуулах хөтөлбөрийн журмыг баталжээ.
Түүнээс хойш жил бүр сум хөгжүүлэх сан, орон нутгийн хөгжлийн сан, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгө оруулалтаар сумынхаа дунд болон бага орлоготой малчин өрхийг дэмжиж энэ хөтөлбөрийг амжилттай явуулж байгаа ажээ. Хөтөлбөрийн хүрээнд нэг өрхөд 70 эх мал олгон дараагийн жилд дахин өөр өрхөд эх малаа шилжүүлэх журмаар өрх бүрийг малжуулдаг ажээ. Хөтөлбөрийн хүрээнд өрх бүр тухайн жилд бойжуулсан төл болон малаас гарах ашгийг авч амьдрал ахуйгаа дээшлүүлдэг болжээ. Нэг жилд 24-30 өрхийг малжуулж, энэ оны байдлаар 136 өрхийг малжуулах хөтөлбөрт хамруулсан байна. Малчин, батлан даагч малчин, сумын Засаг даргын Тамгын газар гурвалсан гэрээ байгуулж малжуулах хөтөлбөрийн аль аль талын хариуцлагыг өндөржүүлсэн. Малжуулсан өрхүүддээ судалгаа хийж үзэхэд жилд дунджаар 60-65 төл, ноос, ноолуураас 800.000-1.000.000 төгрөгийн ашиг хүртэж байгаа нь малчдын амьдралд бодит хувь нэмрийг үзүүлж байгаа юм. Ирэх жилүүдэд шинээр өрх тусгаарласан залуу гэр бүл болон сайн багш, сайн эмчид малжуулах хөтөлбөрөө чиглүүлэн ажиллахаар төлөвлөж байгаа талаарх сайн мэдээллийг Отгон сумын Засаг дарга Ж.Амгаланбаяр мөн дуулгалаа.