Дэлхийн нийт хүн амын 20 орчим хувь нь мөөгөнцрийн халдварт өртөмтгий байдаг гэсэн тоон судалгаа байдаг. Сүүлийн жилүүдэд манай улсад мөөгөнцрийн халдвараар өвчлөх иргэдийн тоо нэмэгдэх болсон. Энэ өвчнөөс яаж урьдчилан сэргийлэх талаар арьс гоо заслын их эмч Г.Баяртүвшинтэй ярилцлаа.
-Мөөгөнцөрт өвчний талаар манай уншигчдад мэдээлэл өгөхгүй юу?
-Мөөгөнцөрт өвчин нь арьсны халдварт өвчний нэг л дээ. Дотроо олон өнгөт үлд, цавь, суганы, хуйх тавхайн, хумсны үлд, салстын кандидоз гэх мэт олон төрөл байдаг. Мөн амны хөндийн, үтрээний мөөгөнцөр гэж бий. Гэхдээ энэ арьсны төрлийнх биш. Манайд хамгийн түгээмэл тохиолддог нь арьсны мөөгөнцөр өвчин байдаг.
-Сүүлийн жилүүдэд мөөгөнцөр өвчний тохиолдол бүртгэгдэх нь олширчээ. Үүний шалтгаан нь юу вэ?
-Иргэд усан бассейн, саунаар үйлчлүүлж байгаа нь хуйх, тавхай, хумсны мөөгөнцрөөр өвчлөх гол шалтгаан болж байна. Саун, бассейнаар үйлчлүүлэхдээ хувийн ариун цэвэр сахиж, бүх нийтээр хэрэглэдэг улавч, алчуур зэргийг хэрэглэхээс татгалзах нь зүйтэй. Үйлчлүүлсний дараа ариутгалын уусмал хэрэглэж халдвараас урьдчилан сэргийлж болно. Мөн хүүхдүүд мал болон гэрийн амьтантай тэжээмэл амьтантай харьцсанаас шалтгаалж арьсны мөөгөнцөр өвчин тохиолддог. Мөн төрөлхийн ба олдмол дархлаа дутмагшил, бодисын солилцооны өөрчлөлтүүд өвчлөхөд нөлөөлнө. Тухайлбал, нүүрс ус, өөх тосны солилцооны алдагдал орно. Дотоод шүүрлийн булчирхайн эмгэг ч нөлөөлдөг. Энэ нь сахарын диабет өвчин болон өндгөвчний үйл ажиллагааны дутагдлын үед тохиолдоно. Үүнээс гадна витамин, эрдэс бодисын дутагдал, хурц халдварт, архаг хууч, халдварт бус өвчний үед мөөгөнцрөөр давхар өвчилж болно.
-Энэ өвчин ямар замаар халдварладаг вэ?
-Өвчилсөн хүн, гэрийн тэжээмэл амьтан, малаас шууд халдварладаг. Өвчтэй хүний хэрэглэж байсан хувцас, алчуур, малгай зэргээс шууд бусаар халдварлана. Бохирдсон саун, халуун усны газар, усан бассейн,үсчин мөн ариутгал муутай маникюр, педикюр хийдэг гоо сайхны газрууд халдвар тараах голомт болж өгдөг.
-Арьсны халдварт мөөгөнцөр хүний ямар эд эртнүүдийг гэмтээдэг вэ?
-Өвчилсөн төрлөөс шалтгаалж арьс, үс, хумс, амны салст бүрхүүл зэргийг гэмтээнэ.
-Мөөгөнцрийн халдварын үед илрэх нийтлэг ямар шинж тэмдэг илрэх вэ?
-Төрлөөсөө шалтгаалаад өөр хоорондоо харилцан адилгүй байдаг. Бага зэрэг загатнах зовиуртай, арьсан дээр зөв дугуй, зууван хэлбэртэй, зах ирмэг рүү тэлэх хандлагатай, арьсны түвшнээс бага зэрэг дээш өргөгдсөн толбонууд бий болдог. Хумс гэмтсэн тохиолдолд зузаарч, шар, саарал өнгөтэй, хугарамхай, бутрамхай болно. Үс гэмтээсэн үед хуйханд голомтолж үс унах, үс хугарч унах, идээт голомт үүсдэг. Зарим мөөгөнцөрт хэлбэрийн үед идээлж буглаа үүсэх нь ч бий.
-Толгойн мөөгөнцөрт өвчнөөр өвчлөгчдийн зонхилох хувийг 3-14 насны хүүхэд эзэлж байгаа гэсэн. Шалтгаан нь юу вэ?
-Толгойн мөөгөнцрийг өнгөц болон гүн гэж ангилна. Хүүхдийн толгой хагтчихсан юм шиг цайрч хайрдаст хэлбэрийн тууралт илэрдэг. Үүнийг анзааралгүй удвал гүн мөөгөнцөр болсноор үс унаж цэврүүтэж идээлнэ. Хүүхдүүд мал амьтантай харьцахад халдварладаг л даа. Мал болон гэрийн тэжээмэл амьтад халдвар тээгчид байдаг учраас вакцинд хамруулж эрүүлжүүлж байх зайлшгүй хэрэгтэй.
-Мөөгөнцрийг гэрийн нөхцөлд эмчлэх боломжтой юу?
-Мөөгөнцрийн тууралт өөр төрлийн арьсны тууралтуудтай төстэй учраас заавал шинжилгээ хийлгэх шаардлагатай. Улаанбаатарт Арьс өвчин судлалын үндэсний төв болон цөөхөн хувийн эмнэлгүүдэд шинжилгээ хийдэг. Эмчийн заавраар биш дур мэдэн эмчилгээ хийвэл аюултай. Яах вэ, тухайн үедээ эмчилгээ аваад эдгэдэг. Харин дахиж, өвчлөх магадлалтай. Ялангуяа эмэгтэйчүүдийн хувьд дахих тохиолдол их байна. Бусдад халдварладаг учраас яаралтай эмнэлгийн байгууллагад хандах нь хамгийн зөв сонголт.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу