ДАШТ-ний хэсгийн хоёрдугаар тойргийн тоглолтууд болж өндөрлөлөө. Энэ тойргийн дараах байдлаар “H” хэсгээс гарах өндөр магадлалтай хэмээгдэж байсан Польшын шигшээ хоёр ялагдал хүлээснээр хэсгээс гарах боломжгүй болов. Польшуудын хувьд эхний тойрогт Сенегал улсын шигшээд 2-1 хожигдсон бол хоёрдугаар тойрогт Колумбын шигшээтэй учраа таарч 3-0 харьцаатай дахин хожигдсоноор хэсгээс гарах боломжгүй болсон юм.
Дэлхийн аваргад хоёр дараалан түрүүлэх зорилго өвөртлөн ирсэн ч эхний тойрогт хожигдсон Германчууд Тони Кроссын ачаар хэсгээс гарах итгэл найдвартай үлдсэн бол Аргентин улсын шигшээ баг мөн адил хэсгээс гарах итгэл найдвартайгаар гуравдугаар тойргийн тоглолтуудаа хийнэ. Хоёрдугаар тойргийн онцлох үйл явдал Английн шигшээ багийн ахлагч Харри Кэйн Панам улсын шигшээ багийн хаалганд гурван гоол оруулж мэргэн буучдын жагсаалтыг таван гоолтойгоор тэргүүлж эхлэв.
Уг тоглолт 6-1 харьцаатай Англичуудын илт давуу тоглолтоор өндөрлөсөн ч ДАШТ-д анх удаа оролцож буй Панам улсын шигшээ ДАШТ-нд анхны гоолоо оруулсан түүхэн тоглолт болж үлдлээ. Англи болон Бельги энэ хэсгийг тэргүүлж байгаа бөгөөд хэсгийн сүүлийн тоглолтоор нэг, хоёрдугаар байраар гарах нь шийдэгдэх юм. Харьцангуй сул зоонд орсон уг багуудын хувьд хоорондоо таарах учраа тоглолт хэр бэлтгэлтэй байгааг харуулах болно хэмээн хөлбөмбөг судаалчид ярьж байна. Өнөөдрөөс хэсгийн гуравдугаар тойргийн тоглолтууд үргэлжлэн явагдах бөгөөд өдөрт дөрвөн тоглолтууд явагдах юм. “А” хэсгийг тэргүүлж буй Орос-Уругвайн тоглолтоор гуравдугаар тойрог эхлэх ба энэ хоёр багийн аль хожисон нь нэгээр гарч “B” хэсэгт тоглож буй Испани, Португалийн аль нэгэнтэй нь шөвгийн 16-н хасагдах шатанд таарах нь тодорхой болно. Энэ тойргийн тоглолтууд ирэх пүрэв гараг хүртэл үргэлжлэх ба баасан гарагт ДАШТ-н нэг өдөр өнжөөд бямба гараг буюу зургаадугаар сарын 30-наас хасагдах шатны тоглолтуудаар үргэлжилнэ.